АНУ-ын хоргодох байрнуудыг шаардлага хангахгүй байна гэж иргэд нь шүүмжиллээ

АНУ-ыг чиглэн цөмийн пуужингийн цохилт ирлээ гэхэд оршин суугчдыг хамгийн ойр байрлах шар өнгийн тэмдэглэлтэй хорогдох байр руу орж, халдлагаас өөрсдийгөө хамгаалах заавар өгдөг. Харин орчин үед энэ нь цөмийн халдлагаас хамгаалах найдвартай аргад тооцогдохоо нэгэнт больжээ. Учир нь АНУ-ын хоргодох байрнууд хүйтэн дайны үед баригдаж байсан тул нэгэнт чанарын шаардлага хангахаа больсон гэж иргэд үзэж байгаа юм.

Өнгөрөгч 12-р сард БНАСАУ АНУ-д цохилт өгөх хүчин чадалтай тив алгасагч баллистик пуужин зохион бүтээсэн гэдгээ зарласнаас хойш АНУ баллистик пуужингийн цохилтыг мэдээлэх систем суулгажээ. Харин өнгөрөгч бямба гарагт нэг ажилтных нь хариуцлагагүй үйлдлээс болж Хавай арлын оршин суугчдад “Баллистик пуужин Хавайг чиглэн ирж байгаа тул нэн даруй хорогдох байр руу орно уу” гэсэн хуурамч түгшүүр ирэхэд хүмүүс 40 орчим минутын турш яах ч учраа олохгүй сандралдаж байсан аж. Айж цочирдсон хүмүүс хурдны зам дээр машинаа орхин хорогдох байр руу яарч, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамтаар банн хоргодох газар хайн гүйлдэж байжээ.

“Хавайд гарсан мэдээлэл хуурамч түгшүүр байсан байж болно. Гэхдээ дараагийн удаа жинхэнэ байхыг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс төр засаг болон хотын удирдлагуудад цөмийн халдлагаас ард иргэдээ хамгаалах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.” гэж иргэд ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна.

Нью Йорк хотын онцгой байдлын удирдлагын газрын ажилтнаас Хавайд гарсан алдаа Нью Йорк хотод ч мөн гарах эрсдэл байгаа эсэхийг лавлахад “Нью Йорк хотын онцгой байдлын удирдлагын газрын систем Хавайгаас өөр учраас ижил төрлийн алдаа гарах нь бараг л боломжгүй хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн Нью Йорк хотын телевиз, радио болон оршин суугчдын гар утас руу анхааруулга мэдээг илгээхийн тулд хэд хэдэн шат дамжлагыг дамжих шаардлагатай байдаг гэжээ.

 

Б.Амарзаяа