Байшин сууцны дулаан алдагдал

Одоогоор манай улсад дулаан алдагдлыг бууруулах хэд хэдэн гадны төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийслэлийн 20 сургууль, цэцэрлэгт дулаан алдагдлыг бууруулах олон улсын төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин өнгөрсөн жилд нийслэлийн гэр хорооллын 200 байшин сууцанд дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ.

Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд өнгөрсөн жилд барилгын стандартын дагуу баригдаагүй дулааны алдагдал ихтэй гэр хорооллын 200 байшин сууцанд дулаалгын засварын ажил хийсэн байна.Ингэхдээ нийт зардлын 30 хувийг тухайн айл өрх, 70 хувийг тус төслөөс санхүүжүүлсэн. Үндсэн хоёр төрлийн дулаалгын материалаас шалтгаалж зардал өөр өөр гардаг. Тухайлбал нэг айлд дунджаар 700 000-аас 1 сая төгрөгийн зарцуулдаг. Хөөсөнцөр хавтан, эрдэст хөвөнгөөр дулаалсан тохиолдолд 1 саяас 3 сая төгрөг зарцуулагддаг байна. Жишээлбэл 60 метр квадрат палкан байшинд гадна дулаалганд чулуун хөвөн, чийг нэвтрэхгүй нимгэм материал ашиглаж байшингийн суурийг мөн ус чийг нэвтрэхгүй полистир хавтангаар дулаалжээ. Үүний дүнд хоёр портер нүүрс жилдээ хэрэглэдэг байсан бол нэг дахин буурч өдөртөө 7-9 удаа галладаг байсан бол одоо 1-2 удаа болж цөөрчээ. Бас нэг жишээ гэвэл БЗД-ийн 5-р хорооны иргэний 48 метр квадрат тоосгон байшингийн 38 см зузаан хананд 15 см ийн зузаан тусгай дулаалгын хөөсөнцөр хавтанг тогтоон, цемент шавраар өнгөлсөнөөр мөн өмнөх байшинтай адил үр дүн гарсан байна.

Дулаан алдагдлыг бууруулах төслийн онцлог нь байшингийн сууриас дээврийн хөндийг хүртэл тус бүрийн зориулалтын материалаар дулаалалага хийж гүйцэтгэдэг.

Тэгвэл дулаан алдагдал хаанаас үүсдэг вэ? Манай сурвалжлах баг цахилгаан халаалттай байшин сууцанд дулаан алдагдлыг хэмжиж үзлээ. Хэдийгээр дулаалга хийсэн тоосгон байшин ч гэсэн дулаан алдагдал ойролцоогоор 60 хувьтай гарсан байна. Тусгай багажаар дулаан алдагдалыг шалгаснаар шал, хананаас дулаалга алдаж байгаа нь тодорхой болсон. Хамгийн гол шалтгаан нь тус байшингийн шал цементен цутгалттай огт дулаалагагүй, хана гэхэд дулаалга нимгэн мөн хийцийн алдаатай байжээ. Тус байшинг 6 цахилгаан халаагуураар халаадаг өмнө нь 400 000 төгрөг цахилгаанд зарцуулдаг байсан бол шөнийн тарифийн хөнгөлөлтөнд хамрагдснаар 200 000 төгрөг болсон. Хэрэв дулаалгын асуудлаа бүрэн шийдвэл одоо гарж байгаа цахилгааны зардал нэг дахин буурна.

Байшин хороолол, байшин сууц, гэрт зориулсан дулаалгын тусгай стандартыг батлан үүний дагуу бүх барилга байгууламж баригдаж чадвал зөвхөн гэр хороолол төдийгүй нийслэл хот дахь дулаан алдагдал буурч, эрчим хүчний хэмнэлт гарах боломжтой юм байна.

Б.Одонгарав