Сангийн яам татварын нэмэгдлийг эргэн харах саналаа ОУВС-д тавьжээ

Татварын нэмэгдлийг эргэн харах асуудлаар засгийн газар ОУВС-ийн ажлын хэсэгтэй ярилцахаар хүсэлтээ хүргүүлээд байна. Энэ хүрээнд Сангийн яам шатахууны онцгой албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг бууруулах саналуудыг боловсруулжээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд татваруудыг бууруулах шийдэлд хүрч хэрэгжүүллээ гэж бодоход нөгөө талдаа 2018 оны татварын орлго тасалдах эрсдэл үүсч болохыг салбарынхан онцолж байна.

Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлэлцээ хийж байсан тэр цаг мөчид Хөгжлийн банкны 500 сая ам долларын эргэн төлөлт тулсан байсан бол Чингис бондын 500 сая, Дим сам бондын 160 сая долларын өрүүд ар араасаа хүлээгдэж байсан. Ийм учраас ОУВС манай талд зарлагаа хумьж орлогоо дайчлах шаардлагыг хүргүүлж тэр дундаа ард түмний нуруун дээр ирэх НӨАТ-ын хувь хэмжээг нэмэх саналыг ч тулгаж байжээ. Гэвч дөнгөж ард иргэд НӨАТ төлөгч болж байгаа энэ цаг үед боломжгүй гэх тайлбарыг тухайн үед засгийн газар өгч байжээ. Харин валютын сан нэгэнт улс оролгын 80% татвараас бүрдэж байгаа учраас гол гол татваруудаа нэмэх шаардлагыг тулгаснаар засгийн газар 7 төрлийн татвар нэмэх саналыг УИХ-д оруулж батлуулсан гэлээ. Харин одоо ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан цаг үеээс нөхцөл байдал дээрдэж 2017 оны төсвийн гүйцэтгэл 500 тэрбумаар давж биелэсэн эдийн засгийн үзүүлэлт 3,8% гарах төлөвтэй байгаа. Тиймээс зарим төрлийн татварыг эргэн харах саналыг хүргүүлээд байгааг сангийн дэд сайд мэдэгдлээ.

Шатахууны онцгой албан татварын хувьд өмнө нь 30-50 мянган төгрөг байсан бол 7 сараас хойш 2 үе шаттай нэмэгдэж 260-280 мянган төгрөг болоод байгаа. Дээр нь дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнэ өссөн, долларын ханш өндөр хэвээр байгаа зэрэг асуудлууд нь шатахууны үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн. Нэгэнт манай улс 100% импортоор шатахуунаа авдаг тийм ч учраас дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байх үед татварын бодлогоор зохицуулж ирсэн хуучин зохицуулалтаараа байх саналтай байгаа юм байна.

Х.Булгантуяа: Татварыг эргэн бууруулбал орлого тасрах сөрөг талтай

Татварыг эргэн харж бууруулснаар бүх юм сайхан болчихгүй. Шатахууны онцгой албан татварыг эргээд буруулбал 2018 оны төсвийн орлого 300 тэрбум төрөгөөр, ХХОАТ-ын нэмэгдлийг зогсоовол 110 тэрбум төгрөгөөр тус тус тасалдах эрсдэл үүснэ. Тиймээс хуримтлал бий болгож аль болох гаднаас өндөр хүүтэй зээл авахгүй байх зөвлөмжийг олон улсын байгууллагууд өгч байгаа гэдгийг энд онцоллоо.

Ч.Дэлгэрцэцэг