Банкны хувьцаа эзэмшигчид нийт активын 5%-аас хэтрэхгүй зээл авна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүгээр арилжааны банкнаас нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нийт активын 20%, тухайн банкны хувьцаа эзэмшигч бол 5% байхаар хуулийн төсөлд тусгалаа.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр Монголбанкны арилжааны банкинд тавих хяналт шалгалтыг илүү бие даасан, чадамжтай болгож байгаа. Тодруулбал өмнө нь төв банк банкуудын гүйцэтгэл дээр нь буюу бүх зүйл болсон хойно нь хяналт шалгалт хийдэг байсан. Нэг үгээр тухайн банк хүндэрсэн, сайн байгаа, эсвэл бүр дампуурлын ирмэгт ирсэн хойно л мэддэг байсан гэсэн үг. Тэгвэл урьдчилсан буюу эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэмэлт өөрчлөлтөөр оруулснаар ирээдүйд үүсэх бүх эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлж байгааг ажлын хэсгийн гишүүд онцоллоо. Мөн хуулийн төсөлд анхаарал татаж байгаа нэг заалт нь тухайн банкнаас авах зээлийн дээд хязгаар юм. Үүгээр тухайн банкны нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нийт активын 20% байх бол тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд олгох зээлийн дээд хэмжээ 5% аас хэтрэхгүй байхаар тусгаад байна.

Энэ заалт нь дэлхийн 180 гаруй улс орны хуулиар мөрдөгддөг заалт бөгөөд манай хуулинд ч өмнө нь мөрдөгдөж байсан. Гэхдээ нэмэлт өөрчлөлтөөр зээлдэгчдэд тавих хэд хэдэн хязгаарлалтыг тусгаад байгаа юм байна. Хуулинд орж байгаа дараагийн нэг томоохон өөрчлөлт бол арилжааны банкууд доороо охин компани байгуулж санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэхгүй байхаар анхны хэлэлцүүлгийн үеэр оруулсан заалт юм

Нэгэнт өнөөдрийн зохицуулалтаараа банкууд охин компанитайн дээр түүгээрээ дамжуулан олон төрлийн бизнесийн хэлцлийг хийгээд байгаа. Харин хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж түүнийг ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхэлснээр үүнийг зогсоох шаардлага гарна. Ингэсэн тохиолдолд зарим төрлийн хүндэрлүүд санхүүгийн зах зээл дээр гарахыг үгүйгсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг цаг хугацааны хувьд зохицуулалт хийх шаардлага үүсч байгааг Монголбанкны зүгээс онцолж байна. Үүн дээр ч уян хатан хандах шаардлагатайг ажлын гишүүд хүлээн зөвшөөрч байгаа юм байна.

Ч.Дэлгэрцэцэг