“Ботокс” тарилгыг доргилт, хөдөлгөөнгүй орчинд 5-15 градуст хадгалах шаардлагатай

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй гоо сайхны тарилга худалдан авч, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа. Учир нь өнгөрөгч онд манай улсын хилээр эмийн жагсаалтад бүртгэлгүй, тээвэрлэлт хадгалалтын горим зөрчсөн, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм бэлдмэл, тарилгын бүтээгдэхүүн импортолсон тохиолдлууд гарсан байна. Улмаар дээрх зөрчлүүдэд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Гоо сайхны ботокс \нейротоксин\ тарилгыг зөвхөн гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд, бүртгэлтэй бүтээгдэхүүнийг хийлгэх шаардлагатай. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 1-р сарын 11-нд гоо сайхны тарилга, ботокстой холбоотой гомдол иргэнээс иржээ. Үүний дагуу НМХГ-аас хийсэн шалгалтаар БНСУ-ын иргэн Жон Мин Жеон гэгч Монгол Улсад бүртгэлтэй тарилга, ботоксын бүртгэлийн загвараас зөрүүтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулж ирж, худалдаалж байсан нь баримтаар тогтоогджээ. Мөн арьс гоо заслын эмнэлэг худалдан авсан учраас шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнчлэн өнгөрөгч оны 12-р сард хилээр БНСУ-аас оруулж ирсэн есөн нэрийн тарилга нь тээвэрлэлт хадгалалтын горим алдагдсанаас хөлдсөн байдалтай байжээ. Гэтэл ботоксын хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээ алдагддаг. Мөн халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс болж халдвар авахаас гадна тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орох, булчингийн сулрал, нүүрний хэлбэр алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлдэг юм байна.

Манай улсад импортлох зөвшөөрөлтэй тарилга нь англи хэлээр тайлбар нь бичигдсэн байдаг. Мөн 5-15 градуст хадгалах ёстой. Хэрэв иргэд энэ төрлийн тарилга, гоо заслын эмчилгээ хийлгэх гэж байгаа тохиолдолд аль улсаас оруулж ирсэн болон тайлбар, дуусах хугацааг нягтлахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан юм.

Б.Даваасүрэн