МУ-ын Ерөнхий Сайд БНСУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл өглөө

-Айлчлалыг үр дүнтэй боллоо хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүгнэв-

Монгол улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 28 жилийн ой тохиож байгаа үед Монгол улсын ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал үр дүнтэй боллоо гэж Монгол улсын ерөнхий сайд үзэж байна. Манай улс БНСУ 2011 оноос иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Солонгос хоёр улсын худалдаа, эдийн засаг, улс төр, эрүүл мэнд гээд бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа. Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Инд албан ёсоор бараалхсан. Мөн тус улсын ерөнхий сайдтай уулзаж хоёр орны албан ёсны хэлэлцээрүүдийг зохион байгуулсан юм. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Хөдөлмөрийн яам болон дарга албаны хүмүүстэй уулзалт хийж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд болон Монгол Солонгосын ХАҮТ-ын зохион байгуулсан Эдийн засгийн форумд оролцож бизнес эрхлэгч монголчуудтайгаа улс орны эдийн засгийн талаар яриа өрнүүлж зангиагүй уулзалт хийсэн юм. Ерөнхийдөө манай улсын Засгийн газрын тэргүүн энэхүү албан ёсны айлчлалыг үр дүнтэй болсныг илэрхийлсэн юм. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцааг иж бүрэн хамтын ажиллагаанаас нэг шат ахиж стратегийн түвшинд хүрч ажиллах нь чухал гэдгийг онцолсон байна.

-500 сая ам.долларын зээл авахаар болов-

БНСУ манай улсад буцалтгүй тусламж, урт хугацааны зээл олгож байсан нь манай улсыг зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед маш том дэмжлэг болж байсныг Ерөнхий сайд дурдаад энэ удаагийн айлчлалаар БНСУ-аас 500 сая ам.долларын жилийн 0,2 хувийн хүүтэй хөгжлийн зээл авах болсон тухайгаа онцоллоо. Энэхүү зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгээр 2017-2019 онд авахаар болж байгаа юм.

-Шинээр олгогдох зээлийн эх үүсвэрийг агаар орчны бохирдолд зарцуулна-

Энэхүү зээлээр олгогдож байгаа мөнгийг манай орны хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах байр суурийг БНСУ-ын талд илэрхийлсэн, энэ чиглэлээр шинээр орж ирэх зээлийн эх үүсвэрийг зарцуулна гэж Монгол улсын ерөнхий сайд илэрхийлсэн юм.

Тэрээр манай улс нийслэл хотын агаарын бохирдол, орчны асуудлаа шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт зохион байгуулалт, гуравдугаарт хөрөнгө санхүү шаардлагатай гэж сэтгүүлчдэд өгч буй мэдээлэлдээ дурдаад БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө санхүүг шийдвэрлэж чадлаа гэж дүгнэсэн юм.

-Хоёр улсын Засгийн газрын хамтарсан хороо ирэх гуравдугаар сард хуралдана-

Энэ удаагийн айлчлалын хүрээнд ярьсан зүйлийг ажил хэрэг болгохоор энэ оны гуравдугаар сард БНСУ болон Монгол улсын засгийн газрын хороо Улаанбаатар хотноо хуралдахаар болсон байна. Хурлаар Монгол улсын ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгохоор хамтарсан ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.

-БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ-

Мөн Монгол улсын эдийн засаг хүнд байгаа өнөө үед БНСУ-д ажиллах Монгол ажиллагсдын квотыг нэмэх талаар яриа хэлэлцээрүүд хийсэн байна.

Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр 2011-2012 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 17 хувь гарахад БНСУ-д гэрээгээр болон гэрээт бусаар ажиллаж байсан хүмүүсийн 50 хувь нь эх орондоо эргэн ирсэн байдаг. Тэгвэл одоо сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн хүнд нөхцөл байдалд хүн амын өрхийн орлого, эдийн засгийн чадамжаа сайжруулахын тулд БНСУ-д ажиллах хүчийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолсон юм.

Монгол улсын эдийн засаг 2017 онд 3,8 хувийн өсөлттэй гарсан. Цаашид 2018-2020 он хүртэл манай улсын эдийн засгийн өсөлт 8 хувьтай гарах тооцоо судалгааг олон улсын байгууллагууд тооцож гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засаг сайжрах нөхцөл байдалд нөлөөлж, мөн БНСУ-аас зээл тусламж авах таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж Ерөнхий сайд онцолсон юм.

Ерөнхий сайд БНСУ-аас авах зээл тусламжийг юунд зарцуулах, төлөх хугацаа зэрэг асуултанд хариулахдаа: “Хоёр улсын засаг газар хоорондын хорооны хурлаар айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг ажил хэргийн түвшинд шийдвэрлэж эхлэнэ хэмээн дахин онцлоод эхний ээлжинд БНСУ-аас зээлээр олгогдох 500 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулна гэж хэлсэн юм. Ингэхдээ Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглох хэрэгтэйг дурдаад энэ чиглэлээр хууль тогтоомж гаргах шаардлагатай. 2020 оноос эхлээд түүхий нүүрс түлэх, нийслэлд оруулж ирэхийг хориглох хэрэгтэй” гэдгийг Монгол улсын ерөнхий сайд онцолсон юм.

Э.Лхагва