БНСУ-аас авах зээлийг хэлэлцэн баталлаа

-Сөүл хотоос сэтгүүлч Э.Лхагва мэдээлж байна-

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай” хоёр Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа. Хэлэлцээрт МУ-ын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж Стратеги, сангийн яамны дэд сайд Ким Юн Жин нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд МУ-ын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг 0.2 хувийн хүү, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгээр авахаар болж байна.
Энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж байгаа ба 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм. Уг мөнгийг МУ-ын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна гэж мэдэгдсэн байна.