Нүүдэл Шийдэл-Ажлын байрны бэлгийн дарамт

ОРОЛЦОГЧДЫН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр

  • Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 11-р зүйлд:Ажил олгогч тухайн ажиллах орчныг АББД-ыг үл тэвчих байдлаар бүрдүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг мөн хуулинд Хөдөлмөрийн дотоод журамд тусгахаар зааж өгсөн байдаг.
  • АББД-тай холбоотой гомдол бүртгэлийг Жендерийн үндэсний хороон дээр бус ХЭҮК хүлээж авна гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байдаг.
  • Ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хохирогч хамгийн эхэнд хаана хандах хэрэгтэй вэ, ямар шат дараалалтай гомдлоо өгөх, АББД-ыг таслан зогсоох, хохирлоо барагдуулах үйл явц нь тодорхойгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа

  • Бэлгийн дарамт гэдэг нь хүний үндсэн хуулиар хамгаалагдсан бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал руу халдаж байгаа үйлдэл юм.
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдалд халдаж байгаа хэргүүд олон нийтийн дунд ил болдог хэрэг биш.
  • “Бэлгийн дарамт учруулах” гэмт хэрэг гэсэн заалт Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 2015 оны 12-р сарын 3-нд орсон байсныг 2017 оны 5-р сарын 11-ний нэмэлт өөрчлөлтөөр хассан байгаа. Хассан гэдэг нь бүр байхгүй болгочихсон гэсэн үг биш ял завшихаас сэргийлж зарим нэг давхацсан зүйлийг хасч тодорхой болгосон.
  • Хохирогч байгууллагынхаа хүний нөөцөд хандахаасаа илүүтэй тэр гэмт хэргийг харьяалан шалгаж байгаа цагдаагийн байгууллага, хэргийг нь өмгөөлж байгаа хуульчид, хэрвээ төлбөрийн чадваргүй бол хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгдөг газруудад хандах хэрэгтэй.

ХЭҮК-ын ахлах референт – З.Өнөржаргал

  • 2007 оноос хойш АББД-тай холбоотой гомдлыг хүлээж авсан байдаг. 2008-2017 оны дунджаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой 240, үүнээс сүүлийн дөрвөн жилд АББД-тай холбоотой 21 гомдол ирсэн байна.
  • Ажлын байрны бэлгийн дарамтыг ойлгож, таниж, илрүүлэх нь чухал байна.
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд АББД-ыг харсан гэрч гомдол гаргах эрхтэй гээд зааж өгсөн хэдий ч энэ нь практик дээр төдийлөн хэрэгждэггүй заалт юм.
  • АББД-д өртсөн хохирогч ХЭҮК-т хандах болон хэрэг шийдвэрлэгдэх үйл явц: Хохирогч өргөдлөө өгнө, өргөдлийг хүлээн авч комиссын дарга гишүүд рүү цохно. Үүний дараагаар гомдол хянан шалгах хэлтэст очиж ажиллагаа эхэлнэ. Үүнд хохирогч болон гэрч, дарамт үйлдэгчээс мэдүүлэг тайлбар авна. АББД мөн гэж үзвэл тухайн байгууллагын албан тушаалтанд шаардлага, зөвлөмж хүргүүлж 7-30 хоногийн дотор хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллана.

Хүний эрх хамгаалагч – Б.Болорсайхан

  • Ажлын байрны бэлгийн дарамт бол гэмт үйлдэл юм ялангуяа хүний халдашгүй байх эрхийн зөрчил юм гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм.
  • Төр АББД-ыг үнэхээр гэмт үйлдэл гээд хүлээн зөвшөөрч байгаа л бол үүнийгээ эрүүгийн хуульд тусгайлан заах ёстой байсан. Олон улсад ч энэ зүй бус үйлдлийг нийгэмд байж болохгүй гэж тодорхойлдог.
  • Төрийн байгууллага өөрөө АББД-д нэвчсэн байна гэсэн эмгэнэлтэй дүр зургийг харж болно. Ялангуяа босоо удирдлагын тогтолцоотой зэрэг цол олгодог байгууллагад тушаал дэвшихэд бэлгийн дарамт үзүүлдэг жишээ байна.
  • Хуулиар бүрэн дүүрэн хамгаалалт байхгүй учраас төрийн албанд ч тэр хувийн хэвшилд ч тэр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт учраас хувийн нууцыг хамгаалаад ажиллах нөхцөл 100 хувь бүрдээгүй байна.
  • Хүчирхийллийн соёлыг таслан зогсоохын тулд багаас нь эхлэх ёстой. Надад л тохиолдоогүй бол дуугарах албагүй гэж бодох ёсгүй ямар ч тохиолдолд дуугарах ёстой гэсэн үзэл хандлагыг боловсролын тогтолцоондоо суулгах хэрэгтэй.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг

  • Өнгөрсөн онд хоёр байгууллагын 6 хүн АББД-тай холбоотой гомдол манай холбоонд ирсэн.
  • АББД-аас урьдчилан сэргийлэх нь чухал байна. Урьдчилан сэргийлэхэд ажлын байрны дотоод журмын зохицуулалт хангалтгүй байна.
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах тухай хуулийг ажилтан ажил олгогч нар судлахгүй хөдөлмөрийн дотоод журамд хангалттай оруулж өгөхгүй байна.
  • АББД-ыг хөдөлмөрийн тухай хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай байна.

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн- Г.Ганбаясгах

 

  • 10 гаруй жилийн өмнө 300 хүний дунд судалгаа явуулахад АББД-нд 5 хүн тутмын нэг өртөж байсан бол 3 хүн тутмын нэг нь АББД-нд өртсөн нэгнийг мэддэг гэсэн судалгаа гарсан. Эдгээр АББД-д өртсөн хүмүүсээс хуулийн байгууллагад хандаж шийдвэрлэсэн нэгхэн хүн байсан. Харин өнгөрсөн онд бид яг үүнтэй адил судалгааг 2011 онд хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор дахин явуулахад судалгааны дүн өөрчлөгдөөгүй гарсан.
  • Одоогийн байдлаар хохирогчийг хамгаалах асуудал нь иргэний нийгмийн байгууллагын нуруун дээр байна.
  • Хохирогч хамгаалах үйл явц хангалттай бус учраас хүн гомдол гаргах бус өөрөө ажлаас гарах шийдвэр гаргаж хохирч үлдэж байна.