Сөүл хот ид ачааллын үеэр нийтийн тээврийг үнэгүй болгож агаарын бохирдолтой тэмцэж байна

БНСУ-ын нийслэл Сөүл хотод нарийн ширхэгт тоос тоосонцороос үүдсэн агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн удирдлагууд даваа гарагт хотын замын хөдөлгөөн ид ачаалалтай байх үеэр Сөүл хотын иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчуулах шийдвэр гаргажээ.

Ням гарагт орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд Сөүл хотын нэг шоо метр дэх нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 нь 57 микрограммд хүрсэн байна. Тиймээс хотын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 9 цаг болон оройны 6-9 цагийн хооронд буюу ид ачааллын үеэр хотын бүх автобус болон хот хоорондын зорчигч тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдээр иргэд үнэгүй үйлчлүүлэх шийдвэр гаргахад хүрсэн байна.

Түүнчлэн автозамын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах бөгөөд үүнд төрийн албан хаагчдын автомашинууд ч хамаарах юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд засгийн газраас 360 гаруй автомашины зогсоолыг мөн хаах шийдвэр гаргажээ. Өмнөд солонгосын засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ төрлийн арга хэмжээг өнгөрөгч оны 2-р сараас эхлэн авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хамгийн сүүлд 12-р сарын 30-нд хэрэгжүүлж байжээ.

 

Б.Амарзаяа