19-21 насны охидыг “хүний хөхөнцөр вирус” илрүүлэх шинжилгээнд хамруулжээ

Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирусыг илрүүлэх шинжилгээнд 19-21 насны 2000 орчим эмэгтэйг хамрууллаа. Шинжилгээгээр 2012 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй болон хамрагдсан охидын үр дүнг судлах юм байна.

Умайн хүзүүний хорт хавдрын 70 орчим хувьд нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг ч дийлэнхи үед хожуу шатандаа оношлогддог байна. ХСҮТ-ийн судалгаагаар 100,000 хүн ам тутамд 12,9 умайн хүзүүний хавдар тохиолдож байгаа юм. Тиймээс 2012 онд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны 14491 охиныг сонгон хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байдаг. Эдгээр охидоос одоо 19-21 нас хүрсэн болон огт вакцин хийлгээгүй тус бүр 1000 гээд нийт 2000 эмэгтэйг сонгож умайн хүзүүний хавдар үүсгэгч эс болох хүний хөхөнцөр вирус илрүүлэх шинжилгээнд 2017 оны 10-р сараас хамруулж эхэлжээ. Тгэвэл умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэхээр “пап” шинжилгээний аргыг ашигладаг. Гэхдээ энэ шинжилгээгээр хавдар болж эхэлж байгаа эсүүдийг илрүүлдэг юм байна. Харин хүний хөхөнцөр вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ нь хавдар үүсэх эрсдлийг эрт үед нь илрүүлэх зорилготой. Ингэхдээ умайн хүзүүний хавдрын эрсдэл бүхий 13 хэв шинжийг тодорхойлоход өөрөө өөрөөсөө үтрээний арчдас авна гэдгээрээ илүү хялбар юм байна.

Хүний хөхөнцөр вирусын шинжилгээг Австралийн засгийн газар, Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны төв болон ДЭМБ-ын тусламжтайгаар 2017 оны 10-р сараас хойш хийж, 2018 оны 1-р сарын 14-нд дуусч байна. Шинжилгээний хариу нэг сарын дараа гарах бөгөөд хариуг утсаар мэдэгдэнэ. Хэрэв өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмч холбогдох арга хэмжээг авах юм.