Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ дахь айлчлал өнөөдөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар нэгдүгээр сарын 15-17-ний өдрүүдэд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар хийгдэж буй тус айлчлалаар БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхан, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийх юм.Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өгнө. БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзах юм.