Д. Уламбаяр: БНСУ-д албан бус тоогоор манай улсын 42 мянган иргэд ажиллаж, сурч байна.

Ярилцлагаа хоёр орны хамтын харилцааны түүхэн эх сурвалжуудаас товч мэдээлэл аваад эхэлмээр байна?

Монгол Солонгосын харилцаа 995 оноос эхэлсэн гэж Солонгосын түүх, сударт бичигдсэн байдаг. 995 онд Солонгосыг Гуулин улс гэж тухайн үед ярьдаг байж. Арав гаруй оюутнууд Кидан гүрэнд Монгол хэл, соёл судлахаар очсон байдаг. Мөн 13-р зууны үед хоёр орны харилцаа маш идэвхтэй хөгжиж байсан гэдэг. Монголын нууц товчоонд Солонгос гэдэг нэр гардаг. Яагаад Монголчууд “Кореа” улсыг Солонгос гэж нэрлэсэн бэ гэдгийг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан. Солонгос үндэсний хувцас болох “Ханбуг”ын ханцуйг солонгын долоон өнгөөр эмжсэн байдаг. Түүнээс үүдэн бид Солонгын улс гэж нэрлэсэн болов уу гэх янз бүрийн таамаглал байдаг.

Харин орчин үеийн хоёр орны харилцаа 1990 оноос эхэлсэн гэж үздэг. 1999 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жун Монгол улсад анх удаа төрийн айлчлал хийсэн байдаг. Дараа нь 2006 онд мөн Солонгосын ерөнхийлөгч Ру Му Хён төрийн айлчлал хийснээр хоёр орны хооронд “Сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны түншлэл”-ийн тухай тунхаг баталсан. 2011 онд Солонгосын ерөнхийлөгч И Мён Баг Монгол улсад айлчилснаар хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсон.

Одоогийн байдлаар хоёр талд ярилцаж байгаа гол зүйл бол хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хэрхэн яаж “Стратегийн түншлэл”-д хүргэх вэ гэдэг дээр янз бүрийн санал, гомдол гарч байна.

Энэ удаагийн айлчлалаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх,  хоёр орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  манай улсын иргэд Өмнөд Солонгос улсад очиж ажил хийдгээс үүдэн визний хөнгөлттэй нөхцөл гэх мэт сэдвүүдээр ярилцана гэж мэдээллэсэн байна. Мөн Энэ удаагийн айлчлал болон МУ-ын ерөнхий сайдын хувьд бол анхны гадаад айлчлал. Тэгэхээр таны бодлоор энэ айлчлалаас бид юу хүлээж болох вэ?

Энэ айлчлалаар өнгөрсөн оны хавраас эхлэн яригдаж байсан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд МУ уг сантай тохиролцсоны дараа хэд хэдэн орнуудаас энэ сангийн хүрээнд зээл авах боломж нээгдсэн. Эдгээр орнуудын нэг болох БНСУ-аас 500 сая ам долларыг төсвийн алдагдлийг зохицуулах хүрээнд зээл авах тухай яригдаж байна. Үүнээс гадна 200 сая ам доллараар манай улсын арав гаруй аймагт эрчим хүчний төв, сүлжээнүүдийг байгуулна гэж ярьж байна. Тэгэхээр нийтдээ 700 сая ам долларын асуудлууд энэ хэлэлцээрээр яригдах байх гэсэн хүлээлт байна.

Дараагийн асуудал нь хоёр орны иргэд хоорондын харилцаа. Ялангуяа визний хөнгөлөлтийн асуудлууд байна. Миний харж байгаагаар бол Өмнөд Солонгосоос Монголд үзүүлж байгаа визний хөнгөлөлт ихээхэн хөнгөвчлөгдсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд 3 сараар виз олгодог боллоо. Өнөөдөр бол БНСУ-д улсад албан бус тоогоор бол 42 мянган иргэд ажиллаж, сурч байна. Энэ бол томоохон тоо. Үүний доод хэмжүүрээр нь үзхэд БНСУ-аас Монгол руу ойролцоогоор 200 орчим сая доллар гуйвуулагддаг. Энэ нь Монгол улсын нийгэм эдийн засагт маш том, дэм, тус болж байна. Хамгийн гол нь тус улсад байгаа Монголчууд гэмт хэрэгт холбогддогоос үүдээд визний асуудлаа чангалж байна. Гэхдээ гэрээт ажилчдынхаа тоог 2018 онд 2700 болгож тоог нь өсгөхөөр шийдвэрлэсэн тухай БНСУ-ын элчин сайд У Сун ярилцлагатаа дурдсан байдаг.

Зарим тоон мэдээллийг харахад бол өнгөрсөн жил Өмнөд Солонгос болон Монгол улсын хооронд зорчсон Монгол иргэдийн тоо давтагдсан тоогоор 98 мянга болж 18 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Саяхан хоёр Солонгос  сайд нарын түвшинд уулзалт хийсэн. Пёнчаны олимп удахгүй болох гэж байна. Тэгэхээр аюулгүй байдал талаасаа энэ айлчлал дээр ямар яриа, хэлэлцээр яригдах бол?

Би өнгөрөгч арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост болсон ОУ-ын хуралд оролцоод ирсэн. Монгол улс хоёр Солонгосын харилцаа болоод Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой. Ялангуяа 2014 онд АНУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын хоорондын хоёр талын уулзалтыг Монгол улсад зохион байгуулсан. Мөн Хойд Солонгос Япон улсын хоорондын уулзалтыг Монгол улсад зохион байгуулж байсан. Тэгэхээр бид энхийн зууч хийх боломж байна. Харин хоёр Солонгосын хоорондын харилцааг Хойд Солонгос гадны оролцоогүйгээр шийдвэрлэнэ гэж үздэг. Яагаад гэвэл нэг үндэстэн учраас заавал гуравдагч орныг оролцуулах шаардлагагүй гэдэг. Энэ удаа 30 жилийн дараа Сөүлийн Олимпоос хойш анх удаа Хойд Солонгосын тамирчид Пёнчанд болох өвлийн олимпд оролцох гэж байна. Уг олимпд Хойд Солонгос тамирчдаа оролцуулахаар Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрсэн. Саяхан Өмнөд Солонгосын Эв нэгдэлийн яам, Хойд Солонгосын Улс орны энх тайвны улсын хороо зэрэг яамдын тэргүүнүүд уулзсан. Энэ нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг зөөлрүүлэхэд маш том алхам болсон.

Монголчуудын хувьд хоёр улсын харилцаа, Солонгосын хойгийн аюулгүй байдал, Пёнчаны олимпыг энх тайвны билэг тэмдэг болгох энэ үйлсд манай улс тамирчидаа илгээнэ. Энэ нь зохих нөлөө үзүүлэх нь дамжиггүй гэж бодож байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг Өмнөд Солонгос болон Азид айлчлал хийх үеэр Өмнөд Солонгос руу элчин сайдаа одоо болтол томилоогүй гэж ОУ-ын ажиглагч нар шүүмжилж байсан. Манай улсын хувьд  ч гэсэн Өмнөд Солонгос дахь элчин сайдаа шинээр томилоогүй байгаа. Яг ийм нөхцөлд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлнэ гэдэг дээр та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

Энэ бол цэвэр манай дотоодын улс төртэй холбоотой асуудал юм. Шинээр элчин сайд томилогдсон өдрөөс тухайн элчин сайдын үйл ажиллагаа дуусгавар болдог. Өмнөд Солонгост бол Монгол улсын элчин сайд албан ёсоор үйл ажиллагаагаа одоогоор хэвийн үргэлжлүүлж байна. Харин Өмнөд Солонгос болон АНУ-ын харилцаа маш идэвхтэй байна.

Э.Лхагва