Тайландын цагдаагийн албаныхан 72 настай Японы якузаг баривчилжээ

Japanese gang member Shigeharu Shirai displays his tattoos at a police station during a press conference in Lopburi, central Thailand, Thursday, Jan. 11, 2018. Thai police have arrested the 72-year-old fugitive who was recognized when his full-body tattoos were circulated online. A police statement says Shirai was arrested Wednesday in a province north of Bangkok, where he has been hiding for over 10 years to evade murder charges in Japan in connection with the death of a rival gang member. (AP Photo)

Лхагва гарагт Тайландын цагдаагийн албаныхан 72 настай Японы якузаг Бангкок хотын хойд хэсгийн ЛопБури дүүргээс баривчилсан байна. Өдгөө 72 настай Шигихару Ширай гэгч нь өмнө нь Японд өрсөлдөгч бүлгийнхээ гишүүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдож улмаар Тайланд улс руу зугтан тэндээ 10 гаруй жил толгой хорогдож байсан байна.

Харин өнгөрөгч оны наймдугаар сард түүний бие дүүрэн шивээсийг ихэд сонирхсон нэгэн Тайланд хүн зургийг нь авч Фэйсбүүк сүлжээнд тавьснаар тэр даруйдаа шуугиан дэгдээжээ. Түүний бие дээрх содон шивээснүүд болон чигчий хуруу нь тасарсан байсан нь Японы гэмт бүлгийн гишүүн гэдгийг нь цагдаа нарт барьж өгчээ.

Шигихару Ширай дээр 2-3 сар тутамд Япон холбоотнууд нь зочилж, 10.000 батт буюу 312 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг байсан гэж цагдаагийн албанаас мэдээлжээ. Тэрээр Тайландад амьдрах арав гаруй жилийн хугацаандаа Тайланд эмэгтэйтэй гэр бүл зохиож даруухан амьдарч байсан байна.

Цагдаагийнхны мэдээлснээр түүнийг Японы якузагийн бүлэглэл болох Ямагучи-Гуми бүлэглэлийн гишүүн байсан гэж үзэж байгаа юм. Тэрээр бүлгийнхээ бусад 7 гишүүний хамтаар өрсөлдөгч Камияа бүлэглэлийн Кашихико Отобэгийн аллагад буруутай гэж эрэн сурвалжлагдаж байжээ. Түүнийг хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр шийтгэл хүлээлгэснийхээ дараагаар Япон улсад шилжүүлэн өгнө гэж Тайландын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

 

Б. Амарзаяа