Ард түмнийхээ халаас руу “гар дүрсэн” шийдвэрээ буцаахыг иргэд шаардлаа

Иргэдийн амьдралд шууд хамааралтай, нуруун дээр нь ачаа нэмсэн шийдвэр 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр хөдөлмөр эрхлэгчдийн багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ажиллах хүчний 2017 оны 2-р улирлын судалгаагаар манай улсад 1 сая 237,7 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл төр хөдөлмөрийн зах зээлийг нуруундаа үүрч яваа иргэдийнхээ хэтэвч рүү өнгийсөнд иргэд, хөдөлмөрчид эсэргүүцэж байна.Тухайлбал:

  • Энэ оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг жил бүр 6 сараар нэмснээр 9 жилийн дараа 2027 он гэхэд эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр авахаар болж байна.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлснээр, иргэдийн цалингийн орлого дахин хувиар буурна.
  • ХХОАТ-ыг шатлалтай болгосноор 1,5-2,5 сая төгрөгийн цалинтай иргэд 15 хувь, 2,5-3,5 сая төгрөг хүртэлх цалинтай иргэд 20 хувь, 3,5 сая төгрөгөөс дээш цалинтай тохиолдолд 25 хувийн татварыг зарим иргэн төлж эхлээд байна.

Хууль хэрэгжихээс өмнө татварын шатлал болон тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байсан ч өнөөдөр тэмцлийн дараачийн хэлбэр рүү шилжлээ. Өмнө нь эрх баригчдад шаардлага хүргүүлж, буруу шийдвэрээ эргэн харахыг хүссэн ч үг хэлээрээ ойлголцохгүй байгаа тул Монголын хөдөлмөрчдийн төлөөлөл үйлдлээрээ үзүүлж, өнөөдөр /2018.01.12/жагсаал цуглаан зохион байгууллаа. Учир нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж хээрийн нэмэгдэл, шөнийн цагаар илүү ажилласныхаа төлөө эрчим хүч, геологи, уул уурхай, тээврийн салбарын ажилчид дунджаар 2,2 сая орчим төгрөгийн цалин авдаг. Гэтэл хуулийн дагуу хөдөлмөрлөж олсон ард түмнийхээ халаас руу төр “гар дүрсэнд” иргэд бухимдалтай байна. Түүнчлэн жирийн иргэд тэтгэвэр тогтоолгоод 10-20 жил тэтгэвэр авдаг бол хүнд нөхцөлд ажиллаж байсан хүмүүс 3-7 жилийн хугацаанд л тэтгэвэр авдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна. Тиймээс иргэдийн амьдралыг дордуулсан шийдвэрээ эргэн харахгүй бол энэ асуудлын хүрээнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж, дараагийн шатны арга хэмжээг авах юм байна.

Б.Даваасүрэн