Нийслэлийн цагдаагийн газар: Хулгайч нар малгайтай цамц өмсч, нүүрээ халхлан хулгай хийж байна

Өнгөрөгч онд Нийслэлийн цагдаагийн газарт нийт 21,947 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 39 хувь буюу 8603 нь хулгайн гэмт хэрэг байжээ. Үүн дотроо 81 нь халаасны хулгайн гэмт хэрэг байсан бөгөөд ихэвчлэн автобусны буудал болон хүн ихтэй гудамж талбайд үйлдэгджээ. Ихэвчлэн малгайтай цамц өмссөн, нүүрээ халхалсан залуус хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.

Хулгайч нар хулгайн эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт хямд борлуулах, барьцаалах тохиолдол бий. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газрын шинэ стандарт тогтоож, хууль бус, зүсийг нь өөрчилсөн хулгайн эд зүйл авахгүй байхаар журмыг энэ оны 1-р сараас хэрэгжүүлж эхэлжээ. Хэрэв “Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, зарсан, эзэмшсэн бол 6-12 cap хүртэлх хугацаагаар хорих ялтай, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол 5-12 жил хүртэлх хугацаанд хорино” гэж Эрүүгийн хуулийн 18.6-р зүйлд заасан байдаг. Учир нь хулгайн эд зүйлийг өнгөлж, янзлаад дамлаж зарж байгаа тохиолдол нь гэмт хэрэг. Ийм бүлэг этгээд, хувь хүнтэй таарсан иргэд Мөрдөн байцаах албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эсвэл нийслэлийн цагдаагийн хэлтсүүдэд хандаж болох юм байна.

Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, бичлэг, зураг хүлээн авч, хэргийг шалгах зорилгоор “Хулгайчаас салцгаая” https://www.facebook.com/groups/891949624298528/ фэйсбүүк группийг ажиллуулж эхлээд байгаа. Тиймээс иргэдийг дээрх группт нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газраас санууллаа.

Б.Даваасүрэн