Сураггүй алга болсон “МН370” онгоцны хэсгүүдийг олсон тохиолдолд 70 сая ам долларын шагнал амлажээ

Одоогоос дөрөв орчим жилийн өмнө сураггүй алга болсон Малайзийн иргэний агаарын тээврийн МН370 онгоцны эрлийг Малайзийн засгийн газар дахин сэргээж байгаагаа мэдэгдлээ. Лхагва гарагт Малайзийн засгийн газар АНУ-ын “Ocean Infinity” компанид гурван сарын дотор онгоцны их биеийн үлдэгдэл хэсгүүд болон хар хайрцгийг олсон тохиолдолд 70 сая хүртэлх америк доллараар шагнахаар болсноо зарласан байна.

Энэтхэгийн далайн өмнөд хэсгээр гурван жилийн турш явуулж байсан эрлийн ажиллагаагаа Малайз, Австрали, Хятад улсын эрлийн багууд 2017 оны 1-р сард албан ёсоор зогсоож байгаагаа зарласан юм. Онгоцны ослын мэргэжилтнүүд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх ямар нэгэн сэжүүргүй болсноос бус өртөг үнэ ихтэй далайн ёроол дахь өргөн уудам орон зайг хамарсан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолгүй болсны улмаас зогсоох шийдвэр байгаагаа мэдэгдэж байжээ.

Харин тус үйл явдлаас хойш нэг жилийн дараа ийнхүү АНУ-ын Хьюстон хотын “Ocean Infinity” компанийн хөлөг онгоц замдаа гарч эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 2014 оны 03-р сарын 08-нд Куала Лумпураас Бээжин хотыг зорин хөөрсөн тус онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 зорчигч явсан байна. Албаны хүмүүс Малайзийн иргэний агаарын тээврийн MH370 нислэгийн онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж таамаглаж байгаа юм. Онгоцны осолд ойр дотныхныгоо алдсан олон хүмүүс, тэдгээрийн ар гэр, төрөл төрөгсөд нь эрлийн ажиллагааг дахин эхлүүлж байгаа энэхүү мэдэгдэлд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

 

Б. Амарзаяа