АН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын зүгээс өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Шаардлагад татварын нэмэгдэл, агаарын бохирдол, үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлууд багтсан байна. Хэрэв эрх баригчид ирэх хоёрдугаар сарын нэгний дотор шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Засгийн газар, УИХ-ыг тараах тэмцлийг өрнүүлнэ гэж мэдэгдээд байна.

МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцохдоо “Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийнхөө ачаар УИХ-ын үнэмлэхгүй олонх болох 65 суудлыг авсан хэрнээ өнөөдрийг хүртэл амласан бүхнийхээ эсрэг бодлогыг хэрэгжүүллээ гэж сөрөг хүчин дүгнэж байна. Үүний тэргүүн ээлжинд ОУВС-аар халхавч хийн тооцоо судалгаагүй есөн төрлийн татвар нэмсэн нь иргэдийн нуруун дээр татварын нэмэгдлийн шууд болон үнийн өсөлт, инфляци зэрэг шууд бус нөлөөгөөр дарамт учруулж байгаа. Тиймээс энэхүү бодлогогүй шийдвэрээ цуцлах ёстой гэж үзэж байна.

Шаардлагад тусгагдсан хоёр дахь асуудал бол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх, ипотекийн найм, таван хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэх, дагуул хот байгуулах замаар төвлөрлийг сааруулах, Тавантолгой, Оюутолгойг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих зэрэг царцаасан төслүүдээ явуулж, иргэдээ ажлын байраар хангах зэрэг бодитой ажлуудыг цаг алдалгүй хийхийг шаардлаа. Харин гуравдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулга явуулж байж хэлэлцэхийг шаардаад байна. Хэрэв эрх баригч нам эдгээр асуудлаар хоёр сарын нэгний дотор зохих арга хэмжээ авахгүй бол засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах тэмцлийг өрнүүлэх болно гэдгээ сөрөг хүчин мэдэгджээ.

Ч.Дэлгэрцэцэг