“SpaceХ” компани АНУ-ын нууц хиймэл дагуулыг тээвэрлэсэн “Фалкон 9” пуужинг амжилттай хөөргөлөө

Ням гарагт АНУ-ын “SpaceХ” компани энэ оны хамгийн анхны сансрын нислэгээ явуулан “Зума” нэртэй хиймэл дагуулыг сансрын тойрог замд амжилттай хөөргөсөн байна. Сүүлийн хэдэн сар хойшлуулсны эцэст орон нутгийн цагаар ням гарагийн оройны 08:00 цагийн үед Флорида мужийн Кэйп Канаверал олон улсын сансрын станцаас “SpaceХ” компаний автомат жолоодлоготой “Фалкон 9” пуужин “Зума” хэмээн нэрлэгдэж байгаа АНУ-ын засгийн газрын нууц хиймэл дагуулыг тээвэрлэн амжилттай хөөрчээ.

“Тесла” корпорацийн гүйцэтгэх захирал Элон Маскын удирддаг сансар судлалын “Spaceх” компани нь цаг агаарын таагүй байдал болон бусад техникийн асуудлуудаас болж өнгөрөгч оны 11-р сараас хойш “Зума” хиймэл дагуулыг хөөргөх ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын засгийн газраас захиалсан тус хиймэл дагуулыг 2000 кмийн өндөрт буюу дэлхийн доод тойрог замд аваачсан гэж байгаа ч хүргэсэн газрыг нь тодорхой мэдээлэлгүй нууц хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн “SpaceХ” компани тус пуужинг хөөргөх ажиллагааг шууд дамжуулан үзүүлээгүй байна.

АНУ-ын сансрын “SpaceХ” компани нь өнгөрсөн 2017 онд 18 удаа пуужин хөөргөж, түүхэндээ хамгийн амжилттай жилээ ардаа үдсэн. Харин 2018 онд өмнөх амжилтаа давуулан биелүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд гараагаа ийнхүү амжилттай эхлүүлжээ.

 

Б. Амарзаяа