Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт 01.09-нд зохион байгуулагдана

БНСУ-ын талаас дэвшүүлсэн дээд хэмжээний уулзалт хийх саналыг БНАСАУ-ын тал зөвшөөрсөн тухай баасан гарагт Өмнөд Солонгосын Засгийн Газрын Нэгдлийн Асуудал Хариуцах Яамны хэвлэлийн төлөөлөгч Байк Тэ Хьюн мэдэгдлээ. БНАСАУ-ын хилийн Панмунжом тосгонд 1-р сарын 9-нд буюу ирэх мягмар гарагт зохиогдох тус дээд хэмжээний уулзалтаар талууд 2-р сард зохиогдох Пёнчаны өвлийн олимп болон хоёр талын харилцааг эргэн хэвийн түвшинд аваачих асуудлуудаар хэлэлцэхээр болжээ. Энэ нь талуудын хувьд 2015 оноос хойш хоёр жилийн дараа хийж байгаа анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

БНАСАУ-ыг хариу өгөхөөс нэг өдрийн өмнө буюу пүрэв гарагт БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар холбогдож хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Пёнчаны өвлийн олимпын наадмыг дуустал хойшлуулах шийдвэр гаргасан байна. БНСУ-ын Пёнчан хотод зохиогдох өвлийн олимпын XXIII их наадам 02-р сарын 09-25 өдрүүдэд зохиогдох бол 03-р сарын 08-18-ны өдрүүдэд зохиогдох өвлийн паралимпын үеэр тус хамтарсан цэргийн сургуулилтыг хийхээр төлөвлөжээ. Хойд Солонгосын хувьд АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг Хойд Солонгос руу цохилт өгөх бэлтгэл хийж байна гэж үздэг. Тийм ч учраас Хойд Солонгосын зүгээс олимпын наадмын үеэр саад учруулах үйлдэл гаргаж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байсан юм.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч олимпын наадмын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн хоёр Солонгосын уулзалттай холбоотойгоор АНУ-тай ойр байдлаар хамтарч ажиллахаа мэдэгдээд хоёр Солонгосын энэхүү уулзалт нь цаашлаад АНУ болон Хойд Солонгосын уулзалт хэлэлцээр хийх замыг нээж өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэвч нөгөө талаас зарим ажиглагчид дээд хэмжээний уулзалт хийх саналыг Хойд Солонгосын зүгээс зөвшөөрсөн нь Өмнөд Солонгос болон АНУ-ын харилцааг муутгаж, олон улсаас Хойд Солонгост үзүүлж буй хориг арга хэмжээг сулруулах гэсэн тактик байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

 

Б. Амарзаяа