АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тухай бичсэн ном шуугиан тариад байна

Америкийн сэтгүүлч Майкл Вольфийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тухай бичсэн “Гал ба Уур Хилэн: Трампын Цагаан Ордонд” (Fire And Fury: Inside The Trump White House) ном анх товлогдсон хугацаанаасаа 4 хоногийн өмнө буюу өнгөрөгч баасан гарагт худалдаанд гарсан даруйдаа хамгийн эрэлт ихтэй ном болжээ. Тус номонд ерөнхийлөгч Доналд Трампыг сонгуульд ялах үед түүний сонгуулийн кампанит ажлын багийнхан тэр ч бүү хэл Доналд Трамп өөрөө гайхан хүлээж авсныг түүнчлэн Цагаан Ордоныхон түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй, мулгуу нэгэн гэж ярилцдаг талаар өгүүлсэн байна.

Номын зохиолч Майкл Вольф сүүлийн 18 сарын турш ерөнхийлөгч Трамп болон Цагаан Ордоны албан хаагчидтай 200 гаруй удаагийн ярилцлага хийсний эцэст энэхүү номоо бичсэн гэж байгаа ч ерөнхийлөгч Трамп тус номыг санаанаасаа зохиож бичсэн зохиолын ном хэмээн няцаажээ. Тэрээр бямба гарагт өөрийнх нь оюун ухаан эрүүл саруул байгаа талаар дурдаад “Би дэлхийн хамгийн шилдэг их сургуулийг амжилттай төгсөж байсан. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа л Майкл Вольфийн талаар анх удаа сонсож байна. Би түүнд өмнө нь ярилцлага өгч байгаагүй, тэр ч миний талаар сайн мэдэхгүй. Түүний бичсэн зүйлүүд түүний уран сэтгэмжээс л гарсан байх” гэжээ.

 

Б.Амарзаяа