Мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөс болж шүлхийн халдвар аймаг, орон нутагт дамжиж байна

Шүлхий өвчний улмаас өнгөрөгч онд 830-аад өрхийн 9900 толгой мал, амьтныг устгалд оруулсан. Улмаар шүлхийн голомттой аймгуудад вакцинжуулалтын ажлыг өрнүүлээд байгаа. Гэвч он дамжсан шүлхийн улмаас одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт, Эрдэнэ гээд дөрвөн аймгийн сумын нутагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 сарын 17-ны өдөр шүлхий өвчин оношлогдсоноор тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мандал суманд 1344 толгой үхэр шүлхий өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, 9351 толгой үхэр, 1831 толгой гахай, нийт 11182 толгой мал, амьтныг 100% вакцинжуулжээ.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх төслийн хүрээнд 7,4 сая тун вакциныг голомттой болон эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэлийн гээд нийт 12,8 сая толгой мэдрэмтгий вакцинжуулжуулалтад хамруулаад байна. Намрын вакцинжуулалтын арга хэмжээний эхний ээлжийн вакцинжуулалт бүрэн дуусч, давтан вакцинжуулалт 2017 оны 12-р сарын 21-ний байдлаар Хэнтий аймагт 90,0%, Дорноговь аймагт 43,1%-тай хэрэгжиж байна. Бусад аймгуудын хувьд вакцинжуулалтын арга хэмжээ дуусчээ.

Б.Даваасүрэн