Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсчээ. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн нарийны гүүрнээс Говь-алтай аймгийн Дэлгэрийн тал хүртэл хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчим хязгаарлагдмал байжээ. Мөн Баянхонгороос Арвайхээр хүртэл явган шуургатай, шартын даваа болон бумбатын давааны замын зорчих хэсэгт гулгаа үүссэн. Зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнэцагаан сумдын чиглэлд цас орсон. Гэхдээ одоогоор зам, даваа боогдсон асуудал гараагүй байна. Орон нутгийн замд таагүй нөхцөлд зорчсоноор зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай гардаг байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд албан ёсны хот хоорондын нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхийг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө. ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр энэ сарын хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа юм.

Б.Даваасүрэн