Афганистанд таван жил барьцаалагдсан эр суллагдсанаасаа хойш 15 удаагийн гэмт хэргээр шүүхэд дуудагджээ

Афганистанд таван жил гэр бүлийн хамтаар барьцаалагдсан Канад эр өнгөрөгч 10-р сард эхнэр, гурван хүүхдийн хамтаар террористуудын гараас мултран эрх чөлөөтэй болсон. Өдгөө 34 настай Жошуа Бойл нь террористуудын барьцаанаас суллагдсанаасаа хойш 15 удаагийн гэмт үйлдэл хийсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдаад байгаа талаар мягмар гарагт Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ.

Өнгөрөгч оны 10-р сард Пакистаны цэргүүд Жошуа Бойл болон түүний эхнэр Кайтлин Кольман нарыг гурван хүүхдийнх нь хамтаар террористуудын гараас аварсан юм. Хосууд анх 2012 онд Афганистанд аялалаар явж байх үедээ Талибаны сүлжээ бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдан, таван жил барьцаанд байх үеэрээ гурван хүүхдээ өлгийдөн авсан байна.

Хосууд суллагдсанаасаа хойш Канадад амьдарч байгаа бөгөөд нөхөр Жошуа Бойл нь бусдын биед хүч хэрэглэсэн, бэлгийн хүчирхийлэл хийхийг завдсан, хууль бусаар бусдыг хорьж цагдсан, бусдын амь насанд заналхийлсэн, бусдын бие махбодод хортой нөлөө үзүүлэх бодис хэрэглүүлсэн, цагдаагийн ажилтантай зөрчилдсөн зэрэг нийт 15 удаагийн хэргээр шүүхэд дуудагдсан байна.

Харин Бойлын өмгөөлөгч түүнийг огтхон ч гэм буруугүй гээд тэрээр өмнө нь ийм төрлийн хэрэг хийж байгаагүй хэмээн имэйлээр мэдэгджээ. Түүнчлэн одоогийн байдлаар цагдаагийн хяналтанд байгаа Жошуа Бойл лхагва гарагт Канадын нийслэл Оттава хотод болох шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй болсон тухай мэдэгдсэн байна.

 

Б.Амарзаяа