Олон улсын нисэх онгоцны шинэ буудал энэ онд “хөшгөө нээнэ”

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай байна. 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил хойшилсон. Тэгвэл энэ ондоо багтаан онгоц хөөргөх, буулгах туршилтын ажлуудыг явуулж, 10-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Япон улсын 540 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр олон улсын жишигт нийцсэн нисэх буудлыг 2015 онд “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр 40 жилийн хугацаатай концессын шууд гэрээгээр барьж эхэлсэн. Шинэ нисэх буудлын 51 хувийг Японы тал эзэмшиж ажлыг гардан гүйцэтгэх бол Монголын тал 49 хувийг эзэмшихээр менежментийн гэрээг хийсэн. 40 жилийн хугацаатай гэрээний эхний 10 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, эхний зээлийн жилийн хүү 0,2, нэмэлт зээлийн жилийн хүүг 0,1 хувиар тооцно. Тэгвэл төсөл хэрэгжиж эхэлснээс 2 жилийн дараах байдлаар төслийн бүтээн байгуулалтын үндсэн гэрээнд багтсан барилга байгууламж, төхөөрөмжийн угсралт, суурилуултын ажлыг хугацаандаа дуусгаж, улсын комисст 2017 оны 1-р сард хүлээлгэн өгсөн. Одоогоор зарим төрлийн засвар, өөрчлөлтийн ажлууд дуусах шатандаа орсон. Гэхдээ одоо онгоцны буудал ашиглалтад ороход тулгамдсан зарим асуудал байгаагийн нэг нь онгоц байрлуулах “ангар” юм. Одоогоор “ангар”-ын цаасан дээр буулгасан төлөвлөгөө л бэлэн болжээ. Цаашид төсвийн хэмнэсэн мөнгө болох 40 орчим сая ам.доллараар “ангар” барина гэж төсөл хэрэгжүүлэгчид төлөвлөсөн байна.

Нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ 3 сая гаруй зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай. “Gate” буюу онгоцны зорчигчдын 6 хоолой байгуулсан учраас олон зорчигч хүлээн авахад ямар нэгэн дараалал үүсгэхгүй. Мөн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 825 авто машины зогсоол, нисэхийн хөдөлгөөн удирдлагын цамхаг барьсан. Цаашид ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжууд ашиглалтад орж нисэх буудлыг дагсан 100 мянган хүнтэй дагуул хот бий болох боломжтой. Одоогоор Улаанбаатарыг шинэ нисэх буудалтай холбох 70 км урт хурдны замын бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай байна.

Б.Даваасүрэн