Тэтгэмж авах иргэд 1-р сардаа багтаан материалаа бүрдүүлэх шаардлагатай

Шинэ он гарснаар 2017 онд батлагдсан зарим хууль, тогтоомж хэрэгжиж эхэллээ. Тухайлбал гэртээ 0-3 насны хүүхдээ харж байгаа 135 мянган ээж “цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах юм байна.

Манай улсад ажил олгогчийн зүгээс 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүүхдээ асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээхээр хөдөлмөрийн тухай хуульд заасан. Гэхдээ хүүхэд асрах хугацаанд нь ямар нэг цалин, амьжиргааг нь дэмжих тэтгэмж олгох тухай журам байсангүй. Тиймээс 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүд бүрт цалин хэлбэрээр тэтгэмж олгохоор УИХ-аас 2017 оны 6-р сард “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийг баталсан. Тэгвэл хуулийн дагуу 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах эхчүүд сар бүр 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Ингэхдээ өргөдөл, цээж зураг, иргэний үнэмлэх, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал болон баг хорооны засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх шаардлагатай. Тэтгэмжийг хүсэлт гаргасан тухайн сарын 20-ноос хойш олгоно.

Үүнээс гадна жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эхчүүд сар бүр тэтгэмж авдаг. Харин хүүхдээ төрмөгц холбогдох материалыг бүрдүүлснээр “цалин ээж” хөтөлбөр рүү шилжих боломжтой. Улмаар ажилдаа ормогц улсаас олгох тэтгэмжүүдийг зогсоох юм байна.

Б.Даваасүрэн