Хууль бус цагаач иргэд Франц руу Альпийн нуруугаар дамжин нэвтрэх оролдлого хийж байна

Сүүлийн гурван сарын турш хасах 20 хэмийн хүйтэн уур амьсгал болон цаг агаарын гамшигт үзэгдлийг үл харгалзан, Италиас Франц улс руу Альпийн нуруугаар дамжин хууль бусаар нэвтрэхийг оролдсон Африк гаралтай цагаач иргэдийн тоо 2000-д хүрсэн талаар Ассошиетэд Пресс агентлаг мэдээллээ. Хилээр хууль бусаар нэвтрэгсдийн ихэнх нь Альпийн нуруугаар дамжин Франц улсын хилээр нэвтрэх оролдлого хийх үедээ ууланд авирах зориулалтын хувцас хэрэгсэл байхгүйн улмаас амь насаа ч алдаж болохуйц аюултай нөхцөл байдалтай нүүр тулдаг байна. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд африк гаралтай нэгэн эр уулнаас унан амь насаа алджээ.

Аз таарч уулыг аюулгүй даван Францын хилээр амжилттай нэвтэрлээ гэхэд Францын цагдаа нарт баригдан эргээд Итали улс руу буцахаас өөр аргагүй болдог байна. Авирагчдын ихэнх нь далайн түвшнээс 1762 метрийн өндөрт орших “Col de l’echelle” гэх уулын замаар авиралт хийдэг бөгөөд Франц, Итали улсын тусгай багийнхан тэдэнд зориулсан аврах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Аврах багийнхны орлогч дарга Алберто Рабино сүүлийн хэдэн долоо хоногт орсон ихээхэн хэмжээний цаснаас болж цасан шуурганд төөрч зүг чигээ алдсан авирагчдын тусламж эрсэн дуудлага эрс нэмэгдсэн талаар дурдаад авирагчдад зориулалтын хувцас хэрэгсэл байхгүй, тэр ч бүү хэл зарим нь гутал ч өмсөөгүй байдаг талаар ярилцлага өгчээ. Нутгийн оршин суугчид уулаар авирах оролдлого хийж буй хууль бус цагаачдын энэхүү үйлдэл нь хичнээн аюултай болохыг тэд сайн мэддэггүйгээсээ болж амиа алддаг гэсэн байна. Зарим сайхан сэтгэлт иргэд сайн дураараа аврах ажиллагаанд нэгдэж, аврах багийнханд тус дэм болж байгаа ажээ.

 

Б.Амарзаяа