Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том баярын салют буудуулж, дээд амжилт тогтоолоо

Он солигдох мөчид дэлхийн өнцөг булан бүрт баярын салют буудуулж шинэ оноо угтан хуучин оноо үддэг. Энэ жилийн хувьд Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том, хамгийн нүсэр баярын салют буудуулан дэлхийн шинэ дээд амжилтын эзэн болсон байна. Өмнө нь 2014 оны 10-р сарын 11-нд Япон улсад болсон галт наадмын баярын үеэр буудуулсан салют дэлхийн хамгийн том салютанд тооцогдож байжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том хот болох Дубайгаас зүүн хойд зүгт орших Аль-Маржан арал дээр зохиогддог баярын салютын үзүүлбэрийг үзэхээр жил бүр дэлхийн улс орон болгоноос сая сая хүн зорин очдог байна. Энэ жилийн хувьд 10 минутын турш үргэлжилсэн салют буудуулах ажиллагааны онцлох нэгэн зүйл нь 15 секундэд 670 метрийн өндөрт хүрч, гайхалтай цэцгийн дүрс гаргасан дэлхийн хамгийн том салютын үзүүлбэр байлаа. Тус салютыг Арабын Нэгдсэн Эмират улсын захиалгаар АНУ-ын “Grucci Fireworks” компанид үйлдвэрлэж дэлхийд нэр алдар нь танигдсан 14 хөгжмийн зохиолчийн найруулгаар бүтсэн шинэ жилийн баярын шоуны онцлох нэгэн хэсэг болгон үзүүлсэн байна.

 

Б.Амарзаяа