2017 онд Монголын баг тамирчдын дэлхийд гаргасан 17 онцгой амжилт

М.ДАВААЖАРГАЛ СУМОГИЙН ТҮҮХЭНД ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал бас нэгэн гайхалтай жилийг үдлээ. Тэрээр өнгөрөгч долдугаар сарын Нагоя башёгийн 12 дахь өдөр озэки Такаяасуг давснаар японы дээд зиндаанд төдийгүй, мэргэжлийн тамирчны замналдаа хамгийн олон ялалт байгуулсан озеки Кайогийн бүх цаг үеийн амжилтыг эвдсэн юм. Хакухо энэхүү башёд 14-1 гэсэн үзүүлэлттэй тэргүүлж, хэдийгээр есдүгээр сарын Аки башёг бэртлийн улмаас өнжсөн ч жилийн эцсийн Кюшү башёд 40 дэх түрүүгээ хүртсэн билээ.

Н.ТӨГСЦОГТ МЭРГЭЖЛИЙН РИНГЭНД ЕС ДЭХЭЭ ДАРААЛАН ЯЛЛАА

Олимпийн наадам, ДАШТ-ий хос мөнгөн медальт МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд өнгөрөгч онд хоёр тулаан хийж нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлсээр байна. Ялангуяа түүний ес дэх өрсөлдөгч нь мэргэжлийн боксчны замналдаа нэг ялагдаагүй Филиппиний боксчин Хармонито Дела Торре байсан юм. Одоо 25 настай Н.Төгсцогт өмнөх найман тулаандаа бүгдэд нь хүнд цохилтоор ялаад байсан ч энэ удаад найман раунд тулалдсаны эцэст шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулж 9-0 гэсэн үзүүлэлттэй мэргэжлийн замналаа үргэлжлүүлж байна.

Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Паралимпийн хүрэл медальт МУГТ Энхбаярын Содномпилжээгийн хувьд 2017 он ОУ-ын тавцанд амжилт дүүрэн жил байлаа. Пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд хоёр ч удаа түрүүлсэн тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 107 хүртэлх кг-ийн жинд өрсөлдөн 235 кг-ийн амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртсэн юм. Түүний жинд зохион байгуулагч Мексикийн тамирчин нэг кг-ийн илүү амжилтаар тэргүүлж алтан медалийн тавцанд зогсож байлаа.

Н.ТҮВШИНБАЯР ДАШТ-ЭЭС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Олимпийн наадмын аварга, хошой медальт жүдоч, МУГТ, ХБ Найдангийн Түвшинбаяр өнгөрөгч онд ДАШТ-ээс анхны медалиа хүртлээ. Будапештийн ДАШТ-ий +100 кг-д өрсөлдсөн тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Европын аварга, Гүржийн залуу жүдоч Гурам Тушишвилиг даралтаар цэвэр ялж тамирчны амжилтын дутуугаа нөхөж, дундуураа дүүргэсэн билээ. Өдгөө 33 настай Н.Түвшинбаяр жүдочийн замналдаа УАШТ, Дэлхийн цомын тэмцээнүүдэд тус тус гурван удаа түрүүлж, Парисын их дуулга болон Чиндао, Чежүгийн гран при тэмцээнүүдээс алтан медаль хүртэж, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн аваргаар тодорч, Олимпийн наадмын алт, мөнгөн медалийн эзэн болсон намтартай билээ.

Д.ОТГОНДАЛАЙ ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

ААШТ, Азийн наадмын аварга, олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Доржнямбуугийн Отгондалай энэ жил Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ аван германы Хамбург хотноо болсон ДАШТ-д дахин хүрэл медалийн эзэн болсон юм. Д.Отгондалай мөнгөн медалийн тулаанд Францын боксчин олимпийн мөнгөн медальт Софьян Умиатай тулалдаж ялагдсан юм. Өнгөрсөн жилийн Бразилын олимпийн хагас шигшээд мөн Д.Отгондалай энэ залууд ялагдаж байлаа. Гэсэн хэдий ч Д.Отгондалай энэ жил ганцаараа ДАШТ-д медалийн тавцанд гарсан ч онцгой амжилт байлаа.

САГСАН БӨМБӨГЧИД АЗИЙН ЦОМ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

Сагсан бөмбөгийн гурвын эсрэг гурав төрлийн шигшээ багийнхан 2017 онд амжилтаар дүүрэн байлаа. Тэд гран при тэмцээн төдийгүй, Туркменстаны Ашгабат хотноо болсон Азийн танхимын наадамд гуравдугаар байр эзэлж, хамгийн гайхалтай нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон ОУСБХ-ны Азийн цом тэмцээнд түрүүлсэн юм. Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нар тэмцээн таван тоглолт хийж нэг ч хожигдолгүй, ялангуяа аваргын төлөөх тоглолтонд Шинэ Зеландын багийг 19:14-ийн харьцаатай буулган авч түрүүлсэн юм. Тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Монголын багаас Э.Дөлгөөн нэрлэгдэж байлаа.

БЭНДИГИЙН ШИГШЭЭ ДАШТ-ИЙ Б ДИВИЗИОНООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Өнгөрөгч онд гайхалтай амжилтай үзүүлсэн өөр нэг баг бол Бэндичид байлаа. ДАШТ-ий Б дивизионд Монголын бэндигийн шигшээ баг хэсгийн тоглолтууддаа бүгдэд нь ялж, шилдэг наймд Недерландыг буулгаж авсан ч хагас шигшээд Канадад хожигдон хүрэл медалийн төлөө тунасан юм. Улмаар хүрэл медалийн төлөө хэсгийн шатанд 10:2-ийн харьцаатай хожиж байсан Японы багтай дахин тоглож, маш өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 6:5-ийн харьцаатай хожсоноор медалийн эзнээр тодорч байлаа.

М.АНХЦЭЦЭГ ДАШТ-ЭЭС АНХ УДАА МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Энэ жил онцгой байсан тамирчдын нэг бол хүндийг өргөлтийн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг юм. Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олон анхны хэмээх тодотголтой шинэ амжилтуудыг тогтоосон тэрээр 2017 онд Азийн өсвөр үе залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн танхимын спортын наадмуудад түрүүлж, ялангуяа АНУ-ын Анахэйм хотноо болсон ДАШТ-ий 75 кг-д огцом өргөлтөөр 107 кг-ийг амжилттай гүйцэтгэж хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын түүхэн дэх шинэ хуудас байлаа. Харамсалтай нь М.Анхцэцэг бэртлийн улмаас түлхэлттэй өргөлтөөр өрсөлдөж чадаагүй билээ.

Б.ГАНГААМАА ДЭЛХИЙН ДОЛООН НОЁН ОРГИЛЫГ ЭЗЛЭВ

Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон ноён оргилыг эзэлсэн Монголын анхны уулчин боллоо. Тэрээр 2010 оноос хойш Европ, Ази, Африк, Америк тивийн ноён оргилуудыг эзэлсээр 2017 он гарахын өмнөхөн Антарктид тивийн Винсон Массиф буюу 4897 м оргилд амжилттай гарснаар монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Д.СУМЬЯА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Рио де Жанейрогийн олимпийн мөнгөн медальт жүдоч, МУГТ Доржсүрэнгийн Сумьяа бас нэгэн гайхалтай оныг үдлээ. Тэрээр Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ийн жинд аваргын төлөө Японы жүдоч Цукаша Ёшидатай цаг сунган барилдаж нийт 12 минут 56 секунд үргэлжилсэн тулааны төгсгөлд вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн тавцанд гарсан юм. Мөн Д.Сумьяа өнгөрсөн жил мастерс болон их дуулга тэмцээнүүдэд түрүүлж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлсээр үдэж байгаа билээ.

П.ОРХОН ОРОЛЦСОН БҮХ ТЭМЦЭЭНДЭЭ ТҮРҮҮЛЭВ

Монголын топ спортын төрлүүдээс өөр нэг гайхамшигтай байсан тамирчин бол бөхийн чөлөөт барилдааны МУГТ Пүрэвдоржийн Орхон юм. Өдгөө 24 настай П.Орхон 2017 оныг Иван Ярыгиний нэрэмжит Алтан гран пригээс эхлээд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж гайхалтай үдсэн юм. Түүний энэ жил хүртсэн алтан медалиуд дунд хамгийн үнэ цэнэтэй нь Францын нийслэл Парис хотноо болсон ДАШТ-ийх байлаа. Жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа тэрбээр хамгийн сүүлд багийнхантайгаа дэлхийн цомын тэмцээнд оролцож бүх барилдаандаа өрсөлдөгчөө цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн билээ.

ХОККЕЙЧИД АМЖИЛТАА АХИУЛЖ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

Монголын мөсний хоккейн шигшээ баг Азийн Челленж кап тэмцээнд анх удаа мөнгөн медаль хүртлээ. Монголын хоккейчид энэ тэмцээнд 2013 оноос хойш тасралтгүй медалийн тавцанд гараад байгаа. Ялангуяа сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг энэ жил ахиулж чадлаа. Гэхдээ харамсалтай нь монголын баг шийдвэрлэх сүүлийн тоглолтонд АНЭУ-ын багт нэмэлт цагт ялагдаж дэд байранд орсон юм.

Г.ОДБАЯР ХОЁР ИХ ДУУЛГАД ТҮРҮҮЛЖ, ААШТ-ЭЭС МӨНГӨ, ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017 онд бахдам амжилтаар дүүрэн байсан эрэгтэй жүдоч бол МУГТ Ганбаатарын Одбаяр юм. Тэрээр УАШТ-ий 73 кг-д түрүүлснээс эхлээд Азийн аваргад дэд байр эзэлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр мөн Бакугийн их дуулга, Абу Дабигийн их дуулга тэмцээнүүдэд аваргаар тодорсон билээ. Г.Одбаяр Бакугийн их дуулгын аваргын төлөө Лондонгийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга туршлагатай, Японы жүдоч Рики Накаяатай тунаж вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн эзэн болсон билээ.

Э.БЭХБАЯР ДАШТ-ИЙ ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛЛОО

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ээс Монголын хоёр тамирчин медаль хүртсэний нэг нь П.Орхон, нөгөө нь МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр байлаа. 2017 онд ОУ-ын хоёр ч тэмцээнд түрүүлсэн тэрээр ДАШТ-ий 57 кг-ийн жинд хүчтэй өрсөлдөгчийн нэгд зүй ёсоор тооцогдож, өрсөлдөгчдөө онооны илт давуу байдлаар буулган авч байсан юм. Харамсалтай нв шөвгийн наймд Азийн аварга Японы тамирчинтай тэнцэж, онооны чанараар ялагдснаар дагах барилдаанд шилжиж байлаа. Ийнхүү эцэст нь Болгарын бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон билээ.

Г.БОЛОР-ЭРДЭНЭ ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Өнгөрсөн 10-р сард Пара таеквондогийн ДАШТ Английн Лондон хотноо болоход Монголын тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртэж гайхалтай түүхийг бүтээсэн удаатай. Тэрээр үүний өмнө долдугаар сард БНСУ-д болсон пара таеквондогийн ААШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Г.Болор-Эрдэнэ бол гурван жилийн турш жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг таеквондоч төдийгүй Токио 2020 Паралимпийн наадмын эрхээ авчихаад байгаа билээ.

Х.ЭНХТУЯА ПАРА ТАЕКВОНДОГИЙН ДАШТ-ИЙ ШИЛДЭГ ТАМИРЧНААР НЭРЛЭГДЭВ

Лондонд болсон пара таекондогийн ДАШТ-д өөр нэг гайхалтай амжилт үзүүлсэн тамирчин бол Хүрэлбаатарын Энхтуяа юм. Пара таеквондогийн К44 ангиллын 49 хүртэлх кг-ийн жинд тэрээр монголын таеквондогийн эмэгтэй тамирчдаас анх удаа ДАШТ-д түрүүлсэн түүх бичлээ. Мөн Х.Энхтуяа тус ДАШТ-ий шилдэг тамирчнаар нэрлэгдсэн юм.

Б.ЧИМЭДЦЭРЭН 362,5 КГ ШАХАЖ ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО

Монголын пауэрлифтингийн тамирчдаас анх удаа ДАШТ-ий медальтан болж байсан ААШТ-ий гурван удаагийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Батаагийн Чимэдцэрэн Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 120 кг-ийн жинд 362,5 кг шахсанаар алтан медаль хүртээд зогсохгүй, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Түүний амжилтыг эхлээд тивийн рекордоор тогтоож, дараа нь дэлхийн дээд амжилт болохыг баталгаажуулсан байна.

Э. Энхбаяр