БНАСАУ-ын удирдагч Пёнчаны өвлийн олимпод баг тамирчдаа оролцуулах асуудлаар БНСУ-тай уулзалт хийх санал тавьжээ

Даваа гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ирэх 2-р сард БНСУ-ын Пёнчанд болох өвлийн олимпод баг тамирчдаа илгээх болсноо мэдэгдлээ. Тэрээр өвлийн олимпод баг тамирчдаа оролцуулах нь Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбогдуулан олимпод баг тамирчдаа оролцуулах асуудлаар Өмнөд Солонгос улстай шуурхай уулзалт хийх санал тавьжээ.

Харин үүний хариуд Өмнөд Солонгосын зүгээс хариу мэдэгдэл хийж, уулзалт зохион байгуулах саналыг нь хүлээн авснаа мэдэгдсэн байна. БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгосын Хөх Ордоны хэвлэлийн төлөөлөгч Пак Со Хьюн БНАСАУ-ын баг тамирчдаа олимпын наадамд оролцуулах шийдвэр нь Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдлыг намжааж, энх тайван байдал тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөр маргаан дэгдээгээд байгаа энэ үед Хойд Солонгосын удирдагчийн БНСУ-д хандаж хийсэн мэдэгдэл урьд урьдныхаасаа харьцангуй зөөлөрч, энх тайван замаар асуудлыг шийдэн, харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь ажиглагчдын анхаарлыг татаад байна.

Түүнчлэн тэрээр АНУ-д хандаж БНАСАУ-ын цөмийн зэвсэг бол хий хоосон сүрдүүлэг биш бодит аюул заналхийлэл гээд цөмийн зэвсгийн товчлуур үргэлж миний ширээн дээр байна хэмээн анхааруулсан байна. Ким Жон Ун: “АНУ-ын газар нутаг бидний цөмийн зэвсгийн овоо хараанд байгааг санах хэрэгтэй. АНУ манай улстай дайн эхлүүлж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Б.Амарзаяа