“Фалкон 9” пуужин хөөрөх үед тэнгэрт ер бусын дүрс үзэгдэв

Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар оройны 8:27 минутанд АНУ-ын алдарт “Space”X компани калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас “Фалкон 9” хэмээх хоёр шатлалт хөдөлгүүр бүхий пуужинг амжилттай хөөргөсөн байна. Тус пуужин нь нэг дор арван хиймэл дагуулыг тээвэрлэн хиймэл дагуулын хамгийн том хөдөлгөөнт систем болох “Иридиум” руу хөөрчээ. Пуужинг хөөрсний дараахан Калифорнийн тэнгэрт ер бусын дүрс үүссэн байна.

Тэнгэрт харагдсан хачин жигтэй дүрс хүмүүсийн анхаарлыг татаж, интернэтийг багагүй шуугиулаад авчээ. Тус үзэгдлийг харсан зарим хүмүүс харь гаригийн биет үзэгдсэн байж болзошгүй хэмээн бичиж байлаа. Харин “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск пуужингийн үүсгэсэн дүрсийг харь гарагийн биет байсан хэмээн наргиан болгож твиттэртээ бичсэн байна.

“SpaceX” компани нь “Фалкон 9” хэмээх пуужингаа таван ч удаа дахин ашиглах хэлбэрээр сансарт амжилттай хөөргөсөн бөгөөд тус компаний сансарт пуужин илгээх энэ оны хамгийн сүүлчийн нислэг нь энэ болсон байна. “SpaceX” компани урьд урьдны жилүүдэд нэг жилд хамгийн ихдээ 8 удаа пуужин хөөргөдөг байсан бол 2017 онд нийт 18 пуужинг сансарт амжилттай хөөргөснөөр дээд амжилтаа тогтоожээ.

2018 онд ч мөн адил энэ эрчээрээ завгүй нислэгүүдтэй байхаар төлөвлөсөн бөгөөд дараагийн пуужингаа нэгдүгээр сард хөөргөхөөр төлөвлөсөн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. 2017 онд нийт 40 хиймэл дагуулыг Иридиумд хүргэсэн. Харин ирэх 2018 онд 3 тэрбум ам долларын үнэ өртөг бүхий 35 хиймэл дагуулыг нэмж хүргэхээр төлөвлөжээ.