“Бали” арлын олон улсын нислэгүүд дахин хойшлогджээ

Индонез улсын аялал жуулчлалын томоохон бүс болох Бали арал дээр орших “Агунг” галт уул өнгөрөгч долоо хоногт дэлбэрснээр тус арлын олон улсын нисэх онгоцны буудал гурав дахь өдрөө хаагдаад байгаа ажээ. Галт уулын дэлбэрэлтээс дэгдсэн үнс нурам 7600 метрт цацагдсан нь онгоцны үйл ажиллагаанд гэмтэл учруулна хэмээн сэрэмжилж бүх нислэгүүдийг дахин 24 цаг хойшлуулахаар болсноо албаныхан лхагва гарагт зарласан байна.

Арлаас явахыг хүссэн хүмүүст Балигийн борооны улирал эхэлсэн энэ үед олон цагийн турш хүчтэй далайн давалгаанд цохиулан завиар явах эсвэл нисдэг тэргээр явах гэсэн хэдхэн сонголт үлдээд байгаа ажээ.

Онгоцны буудлын ажилчид зарим жуулчдад 10 хоногийн турш автобусаар Сурабаяа хот руу явахыг санал болгож байгаа юм байна.

Түүнчлэн тус арал дээр хүчтэй бороо орсны улмаас галт уулын халуун хайлмаг борооны устай нийлэн “Лахар” үүсгэж улмаар галт уулаас 8 км-ын зайд оршиж байсан Сукадана тосгон руу урссан байна. “Лахар” гэдэг нь замдаа таарсан бүхнийг устгах аюултай хөрсний урсгал бөгөөд түүх сөхвөл Невадо Дель Руйз хэмээх галт уулын дэлбэрэлтийн үеэр үүссэн “Лахар” хэдэн мянган хүний амийг авч одсон байдаг ажээ.

Тосгоны оршин суугчдын хувьд ийм төрлийн урсгалыг тосгон руу орж ирэхийг харсан анхны тохиолдол болсон хэмээн ярилцлага өгсөн байна. Даваа гарагт Индонезийн засгийн газраас гаргасан шаардлагын дагуу тус тосгоны оршин суугчдын ихэнх нь аюулгүй газар руу нүүн шилжээд байгаа ажээ.

Б.Амарзаяа