Мьянмарын 150,000 католик шашинтан Ромын пап ламыг угтан авчээ

Ромын пап лам Францис Мьянмар улсад даваа гарагт хүрэлцэн очоод байгаа билээ. Тус улсад 4 өдрийн айлчлал хийж байгаа пап лам Францисыг хүлээн авахаар лхагва гарагт Янгон хотын Кайккасан талбайд католик шашинтай 150,000 гаруй хүн цугларсан байна. Мягмар гарагт пап лам Францис Мьянмарчуудад хандаж үг хэлэхдээ үндэстний цөөнхүүдийн эрх ашгийг хүндэтгэн дээдлэх нь Мьянмарын ирээдүйг тодорхойлно хэмээн далд утгаар Рохинжа иргэдэд дэмжлэг үзүүлэх утгатай үг хэлсэн юм. Тэрбээр Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи болон бусад эрх баригчидтай уулзалт хийх үеэрээ Рохинжа гэдэг үг хэрэглэхээс зайлсхийж байгаа ажээ. Учир нь Мьянмар улсаас Бенгальчууд гэж тодорхойлдог үндэстний цөөнх, исламын шашинт Рохинжа иргэдийг пап лам урьд нь мэдэгдэл хийх үедээ “Рохинжа ахан дүүс” гэсэн нь Мьянмарчуудын дургүйцлыг багагүй төрүүлээд авсан юм.

Харин тэрээр тойруу байдлаар санаагаа илэрхийлж байгаа бөгөөд мөргөлдөөнөөс болж Мьянмарын ард иргэд хэрхэн зовж байгаа талаар болон Мьянмарыг эх орноо хэмээн боддог хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж өгөх шаардлагатай байгааг Мьянмарын төр засгийнханд хандаж мэдэгдсэн ажээ.

Б.Амарзаяа