Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн хэсгийн үйлчлэлийг түдгэлзүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан нь үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар үндсэн хууль зөрчсөн хэсгийг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүллээ.

Хүн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих гэсэн заалтын 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарласан заалт оруулжээ. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 5.8.8 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг зөрчлийн хуулиар хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар иргэн С.Номынбаясгалан 2017 оны 10-р сарын 5-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэгвэл өнөөдөр дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэж, дунд суудлын хуралдаанаас зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8.8 дахь хэсгийн “эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан” гэж заасан хэсгийн үйлчлэл түдгэлзэж байна.

Б.Даваасүрэн