Компанийн нийгмийн хариуцлагыг тодорхойлох судалгаа хийжээ

Компанийн нийгмийн хариуцлага болон тогтвортой бизнесийн хөгжлийн төлөв байдлын талаар энэ онд анх удаа судалгаа хийжээ. Судалгаанд нийт 49 компани, таван бизнесийн холбоо, таван төрийн бус байгууллага нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаа талаар тусгасан. Судалгааны үр дүнд байгууллагуудад боловсон хүчнийг сургаж боловсруулах, ажиллах орчныг сайжруулах, салбартаа тохирсон ээлтэй бодлого явуулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь байгууллага ажилтнууддаа сайн цалин хангамжтай байлгах, халамж үзүүлэх, компанийн хувьд ашиг олж байгаа шигээ тэр хирээр нийгэмдээ үр өгөөжөө өгөх, ажилчдын ажиллах орчныг сайжруулах, урт хугацаанд тогтвортой ажил үйлчилгээ явуулах гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Гэвч Монголд ерөнхийдөө компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой бизнесийн тухай ойлголт, мэдлэг байхгүй, мөн энэ чиглэлийн дэмжлэг, сургалт байдаггүй гэдэг нь судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал компанийн нийгмийн хариуцлагын ойлголт ямар түвшинд байгаа вэ гэсэн асуултад компаниудын төлөөлөл ерөнхийдөө доогуур түвшинтэй байгаа гэж онцолсон. Тодруулбал 26 нь тааруухан, 19 байгууллага эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байнга өөрчлөгдөж байдаг гэсэн бол хоёрхон оролцогч Монголд сайн хөгжсөн гэж хариулжээ. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, төрийн захиргаанаас дэмжлэг, сургалт байхгүй, улс төрийн тогтворгүй байдал, хүнд суртал, авлига саад бэрхшээл учруулж байгаа гэжээ. Тиймээс компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд Монголын салбар салбарт нь ээлтэй бодлого хэрэгжүүлэх, ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, цалин хангамж нэмэгдүүлж чадсанаар байгууллага 20-30 жил тогтвортой ажиллаж чадна гэсэн зөвлөмжийг судалгаа хийсэн байгууллагууд гаргаад байгаа юм. Судалгааг Конрад Аденауэр сангийн өмнөөс Монголын “Компанийн засаглалын хөгжлийн төв” энэ оны 4, 5-р сард хийжээ.

Б.Даваасүрэн