Бразилын дээд лигт үзэгчид талбайд нэвтрэв

Бразилын хөл бөмбөгийн Сери А дээд лигийн энэ улирал бас өндөрлөх дөхөөд байна. 37-р тойрогт болсон Понте Прета, Виториа багуудын тоглолтын сүүлээр хөгжөөн дэмжигчид талбайд нэвтэрч үймээн гаргажээ. Учир нь талбайн эзэн Понте Прета баг энэ тоглолтонд 3:2-ийн харьцаатай хожигдол хүлээснээр доод лиг рүү унах нь тодорхой болсон юм. Дэмжигчдийн үймээн баг нь гурав дахь гоолоо алдсаны дараахан болжээ. Бразилын дээд лигийн сүүлийн дөрвөн баг доод дивизион руу унадаг. Понте Прета сүүлийн хоёр тоглолт дараалан хожигдсоноор унах бүсийн багаас дөрвөн оноо дутуу болж, өөрөөр хэлбэл сүүлийн тойрогт хожсон ч дээд лигтээ үлдэж чадахгүйд хүрсэн юм.

Э. Энхбаяр