Оросын лиг: Аваргууд талбайдаа Зенитийг хожлоо

Оросын премьер лигийн өнгөрсөн улирлын аварга Спартак Москва Окрыте Аренад Зенит Санкт Петербургийн эсрэг улирлын 18 дахь тоглолтоо хийлээ. Улмаар 19 дэх минутанд талбайн эзэд хошуучилж эхэлсэн. Александр Самедовын мөргөсөн бөмбөг хаалганд орсон юм. Тоглолтын өмнө Спартак Зенитээс таван оноо дутуу байсан юм. 30 дахь минутанд Спартакын бразил довтлогч Луиз Адрианогийн гайхалтай цохилт онооны харьцааг 2:0 болгосон. Адриано лигийн долоо дахь гоолоо оруулсан нь энэ. Тэгвэл таван минутын дараа Доминико Кришито тоог ойртуулж эхний хагас 2:1-ийн харьцаатай дууссан. Роберто Манчинигийн баг ахиж гоол оруулсангүй. Харин нэгийг алдсанаар 3:1-ээр цомыг хамгаалагч Спартак Москва хожиж 31 оноотой боллоо. Тэд Зенитээс хоёр, тэргүүлэгчдээс найман оноо дутуу байгаа юм.

Э. Энхбаяр