Австралид шинэ жилийн орой халдлага үйлдэхээр зэхэж байсан этгээдийг баривчилжээ

Мягмар гарагт Австралийн цагдаагийн газар шинэ жилийн өмнөх өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Мельбурн хотын төв талбайд террорист халдлага хийхээр төлөвлөж байсан этгээдийг баривчилсан байна. Сомали гаралтай Австрали улсад төрж өссөн 20 настай эрийг Австралийн 2 дахь том хот болох Мельбурны Федерешн буюу Холбооны талбайд автомат винтов буугаар олон энгийн иргэнийг хоморголон буудах ажиллагаанд бэлтгэж байсныг нь илрүүлж, баривчилсан тухай Викториа мужийн цагдаагийн газрын орлогч дарга Шэйн Паттон мэдэгджээ.

Халдлага үйлдэхээр зэхэж байсан Мельбурн хотын тус талбайд жил бүр олон мянган хүн цугларч шинэ оноо хамтдаа угтдаг юм. Өнгөрсөн 2016 онд л гэхэд 500,000 хүн тус талбайд цугларч, шинэ жилийн баярыг тэмдэглэж байсан ажээ. Халдлага үйлдэхээр зэхэж байсан этгээдийг даваа гарагт Мельбурн хотын Верриби дүүргээс баривчилсан байна. Тэрбээр Исламын Улс бүлэглэлийн үнэнч дэмжигч бөгөөд халдлага үйлдэх буу худалдан авахаар зэвсэг худалдаалагч хүмүүст хандаж байх үед нь баривчилж улмаар Австралийн Терроризмтой Тэмцэх албаныхан түүнд шалгалт явуулсан ажээ.

“Сүүлийн үед бусад улс орнуудад ихээр гарч байгаа террорист халдлагуудаас болж түүнд террорист ажиллагаа үйлдэх сэдэл төрүүлсэн гэж таамаглаж байна” хэмээн Шэйн Паттон мэдэгдсэн байна. Австрали улс нь галт зэвсэг эзэмших, ашиглах тухай хатуу хууль тогтоомжтой бөгөөд хэрэв террорист ажиллагаа явуулахыг завдсан нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох ажээ.

Б. Амарзаяа