20.8 тэрбум төгрөгийн зарцуулалтаас 14.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Гадаад харилцааны сайдын төсвийн багцад 23.6 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд түүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ зарцуулалтын нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой хэд, хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын таилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан бол 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмжийг 33 төрийн байгууллагад ямар нэг шийдвэргүйгээр шилжүүлжээ. Мөн Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал Заяамандах нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 ширхэг орчуулгын төхөөрөмжийг “Нью терравокс” компанид гурван жилийн хугацаанд түрээслүүлэх гэрээ байгуулж, энэ хугацаанд зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан зэрэг зөрчил илэрчээ.

Мөн буцалтгүй тусламжаар ирсэн 1000 орчим тавилгыг иргэн, аж ахуйнх нэгжид 103 сая төгрөгөөр зөвшөөрөлгүй худалдсан мөртлөө, 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна. Түүнчлэн АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийн Гадаад хэргийн яамны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоогүй гадаад томилолтын арга хэмжээнд зарцуулсан зэрэг зөрчил илэрч байгаа учраас аудитын шалгалтыг улам гүнзгийрүүлэн хийж, ирэх гуравдугаар сард багтаан дүн мэдээллийг нэгтгэхээр болжээ.

Б. Ширнэн