2017 онд зургаан улс руу 21,500 тонн мах экспортлоод байна

Шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоохгүй бол жилээс жилд махны экспорт нэмэгдэх төлөвтэй байгааг сүүлийн жилүүдийн экспортын хэмжээнээс харж болно. Өнгөрсөн 2016 онд БНХАУ, ОХУ руу адуу, үхэр, хонь, ямааны нийт 9317 тонн мах экспортлосон бол энэ оны 11 сарын байдлаар энэ тоо хоёр дахин өсчээ. Тухайлбал:

  1. ОХУ-д 480 тонн үхрийн мах
  2. БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улс руу нийт 19,800 тонн адууны мах
  3. Иран Катар улсад 1200 тонн хонь, ямааны мах гээд нийт 21,500 тонныг экспортложээ.

2017 онд адууны махны экспорт тогтвортой явагдаж байгаа бөгөөд 9-11-р саруудад аж ахуйн нэгжүүд экспортлох адууны махны бэлтгэлийг нэмэгдүүлсэн. Одоогоор 20,000 тонн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Махны экспорттой холбоотойгоор импортлогч улс орнууд тодорхой хэдэн шаардлага тавьдаг. Үүнд махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, бэлтгэх, мал амьтны шүлхийн голомтгүй бүсээс нөөц бүрдүүлэх шаардлага бий. Гэвч дотоодын лабораторийн шинжилгээний дүн хүлээн авагч улсын лабораторийн шинжилгээний хариутай зөрөх, ялгаатай гарах асуудал тулгардаг. Тиймээс хараат бус нэг лабораторитой болох шаардлагатай гэж мах экспортлогч компанийн төлөөлөгчид үзэж байгаа аж. Одоогоор улсын хэмжээнд мах бэлтгэлийн чиглэлийн 42 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

Б. Даваасүрэн