Милан клуб В.Монтеллаг халж, Ж.Гаттузог томилжээ

Италийн алдарт Милан клуб дасгалжуулагч Винчензо Монтеллаг халж, оронд нь тус багийн нэгэн үеийн алдарт хагас хамгаалагч Женнаро Гаттузог томилсон гэдгээ албан ёсны твиттер цахим хуудсаараа дамжуулан зарласан байна. Өнгөрөгч ням гарагт Милан гоолгүй тэнцснээр дасгалжуулагч Винчензо Монтеллаг халах шийдвэр гарсан байна. Улаан харууд одоо Италийн лигт тэргүүлэгчээс 18 оноо дутуу долдугаар байранд эрэмблэгдэж байгаа юм. Тэд лигийн сүүлийн есөн тоглолтонд ердөө хоёр л хожсон, талбайдаа хийсэн сүүлийн дөрвөн тоглолт дараалаад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсангүй. Хэдийгээр улирлыг тун сайн эхлүүлж бүх тэмцээнд эхний 12 тоглолтын 10-т нь хожоод байсан ч түүнийгээ хадгалж чадсангүй, одоогоор лигтээ 14 тоглолтоос зургаад нь л ялалт байгуулсан үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ Европа лигт хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарчихаад байгаа. Харин шинэ дасгалжуулагч Гаттузогийн хувьд 1999-2013 оны хооронд тоглож, Италийн лиг, Аваргуудын лигт тус бүр хоёр удаа түрүүлж байлаа.

Э. Энхбаяр