Нийслэлийн зөөврийн усны худгийн 20 орчим хувь нь хүнд нөхцөлд байдаг

Нийслэл хотод 300 мянга орчим гэр хорооллын айл өрхүүд байна. Эдгээр айл өрхүүд шугамын болон зөөврийн ус түгээх худгаас ундны усны хэрэгцээгээ хангадаг. Ус сувгийн удирдах газрын усны машинууд захын хорооллын айл өрхөд ус түгээхийн тулд өдөрт 30 гаруй км зам туулж хальтиргаа гулгаатай хүнд нөхцөлд зорчиж байна.

Нийслэл хотод шугамын усны 11 худаг, зөөврийн ус түгээх 300 орчим худаг гэр хорооллын гудамж талбайд ажиллаж байна. Зөөврийн усны худагт ус сувгийн удирдах газрын 50-52 машин өдөртөө нийтдээ 470-500 рейс хийж байж гэр хорооллын айл өрхийн усны хэрэгцээг хангадаг. Усны машин шугамын усны худгаас таван тонн усыг зөөврийн усны худагт өдөртөө 1-2 удаа хүргэж өгдөг. Гэвч өвлийн цагт хотын захын хорооллын гудамж, өндөрлөг хэсгүүд ихтэй байдаг. 312 худгийн 20 орчим хувь нь Хонхор, Био, Сонгино, Баруун Зүүн салаа зэрэг захын хорооллуудад байрладаг тул тэр бүр усны машин маршрутын дагуу бус тойруу замаар явах тохиолдол ч гардаг байна. Ингэхдээ машиндаа дугуйн гинжээ бэхлэхээс өөр аргагүй.

Харин БЗД-ийн 458-р худаг луу усны машин орох гэтэл машины ченж нар өглөөнөөс үдэш болтол зам хааж хүндрэл үүсгэжээ. Уг нь цэвэр ус зөөврийн машины жолооч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, өвлийн хальтиргаа гулгаатай үед хэрхэн ажиллах талаар сургалт авсан ч гэр хорооллын замд байдал ийм байна.

Уг нь нийслэл хотын нэг хэсэг бол гэр хорооллын гудамж талбай. Гэтэл өнөөдөр гэр хороололд хот тохижилт ялангуяа цас мөсний цэвэрлэгээний ажил хийх боломжгүй. Одоогоор зөвхөн асфальтан замд тохижилтын үйлчилгээнийхэн ажиллаж байгаа шороон замд хүрч ажиллах төсөв байдаггүй.

Цаашид энэ хэвээр байвал яах вэ. Магадгүй цас их орж ундны ус түгээх машин иргэдэд хүрч ажиллаж чадахгүй ч байхыг үгүйсгэх аргагүй. Заавал холбогдох байгууллагын хийх ёстой ажил гэхээс илүү иргэд ч бас цас мөс цэвэрлэгээнд өөрсдөө сайн дураар оролцох хэрэгтэй гэдгийг ус сувгийн мэргэжилтнүүд хэлсэн юм.

Б.Одонгарав