ОХУ-аас Исламын Улс бүлэглэл рүү өгсөн агаарын цохилтонд Сирийн энгийн иргэд өртжээ

Ням гарагт ОХУ-ын 6 бөмбөгдөгч онгоц Сирийн Дэйр Аль-Зур мужид байрлаж байсан Исламын Улс бүлэглэлд агаарын цохилт өгсөн талаар Оросын Батлан Хамгаалахын Яамнаас мэдэгджээ.

ОХУ-аас хөөрсөн бөмбөгдөгч онгоцнууд Исламын Улс бүлэглэлийн гол түшиц газар Евфрат мөрний хөндийг гол байгаа болгон цохилт өгсөн байна.

Террорист бүлэглэлийнхний байрлаж байсан газарт бөмбөг хаясан гэж ОХУ-ын зүгээс мэдэгдсэн ч тус агаарын цохилтын улмаас Сирийн 53 энгийн иргэн амь насаа алдаж, тэдгээрээс 21 нь бага насны хүүхэд байсан гэж Их Британид төвтэй Сирийн Хүний Эрхийн Байгууллагаас мэдэгджээ.

Орос улс нь Сири улсад олон жилийн турш үргэлжилж байгаа иргэний дайнд Сири улсын ерөнхийлөгч Башар Аль-Ассадын гол холбоотон улсын үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Сирийн нутаг дэвсгэрийн 98 хувийг террорист бүлэглэлүүдээс амжилттай чөлөөлсөн тухай оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн бөгөөд одоо дараагийн үе шат болох сири улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж болон сэргээн босголтын ажлуудын тухай хэлэлцэх нь чухал байгаа талаар дурджээ.

Б.Амарзаяа