Египет улсад томоохон хэмжээний террорист халдлага гарчээ

Баасан гарагт Египет улсын хойд хэсгийн Синай хотын сүмд террорист халдлага гарч Египет улсын түүхэнд хамгийн их буюу 305 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор 27 бага насны хүүхэд байсан байна. Бямба гарагт Египет улсын ерөнхий прокурор Набиль Садек мэдэгдэл хийж 128 хүн шархадсан гэж мэдээлжээ.

Өнгөрөгч баасан гарагт 5 машинтай, 25-30 зэвсэгт этгээд Египетийн Бир Аль-Абд гэх жижиг тосгоны ойролцоох сүмд ирж, гол хаалга болон цонхнуудад хуваагдан байрлаж мөргөлчид рүү гал нээсэн байна. Халдлагаас амьд гарсан хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эхлээд буун дуу болон чанга дэлбэрэлт сонссон гэжээ. Түүнчлэн халдлага үйлдэгч этгээдүүд хар баг зүүж зүсээ далдалсан байсан бөгөөд Исламын улс бүлэглэлийн далбаа үзэгдсэн гэж гэрчүүд мэдээлсэн байна.

Энэхүү халдлага нь Исламын хэт даврагчдын орчин үеийн Египет улсын эсрэг хийсэн, хамгийн хор хөнөөл учруулсан террорист халдлагад тооцогдож байна. Тус халдлагыг үйлдэхдээ Исламын “Суфи” урсгалын мөргөлчдийн голчлон цугладаг сүмийг онилсон нь тус урсгалыг эсэргүүцэгч Исламын улс бүлэглэлийн Египет улс дахь холбоотон бүлэглэлийн хийсэн хэрэг гэж албаныхан таамаглаж байгаа юм байна.

Харин Египетийн ерөнхийлөгч Абдель Фатта Эл-Сисси энэхүү хэргийг хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл бямба гарагт Египетийн байлдааны онгоцууд сүмд халдлага үйлдсэн гэх хэд хэдэн машиныг дэлбэлсэн байна. Халдлагын дараагаар Египет улсад гурав хоногийн гашуудал зарлаад байгаа бөгөөд олон улс орнуудаас Египет улсад эмгэнэл илэрхийлжээ.

Б.Амарзаяа