Бали арал дээр галт уул дэлбэрч олон улсын нислэгүүд хойшлогджээ

Индонез улсын жуулчлалын томоохон бүс болох Бали арал дээр орших Агунг галт уул өнгөрөгч долоо хоногт 2 ч удаа дэлбэрсэн байна. Үүний улмаас тус улсын олон улсын нислэгүүд хойшлогдоод байгаа ажээ.

Дэлбэрэлт өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар 5:30 цагт эхэлж хэдэн цагийн турш үргэлжилсэн бөгөөд дэлбэрэлтээс үүссэн үнс нурам 1500 метрийн өндөрт цацагдсан гэж Индонезийн Үндэсний Гамшигтай Тэмцэх газар мэдээлсэн байна.

Түүнээс болж галт уулын ойр орчмын хот тосгонууд 1 см-ын зузаантай үнс нурманд дарагдаж гамшгийн багийнхан оршин суугчдад маск тарааж байгаа юм байна.

Бали арал руу хийх байсан 13 нислэг хойшлогдоод байгаа бөгөөд 2000 гаруй зорчигч онгоцны буудал дээр саатаад байна. Галт уулаас агаарт цацагдсан үнс онгоцны хөдөлгүүрийг гэмтээх аюултай байдаг ажээ.

Тус галт уул сүүлд 1963 онд дэлбэрэхэд 1100 гаруй хүн амь үрэгдсэн байдаг.

Орон нутгийн удирдлагууд галт уулын аюултай бүсэд буюу галт уулаас 7.5 кмын орчимд байрлаж байгаа оршин суугчдыг даруй нүүхийг сануулсан байна.

Сүүлийн тавин жил идэвхгүй байсан Агунг галт уул өнгөрөгч есдүгээр сард идэвхжиж эхэлснээс хойш тус бүсэд амьдарч байсан 25000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Үүний улмаас аялал жуулчлалын гол бүс болох Бали арал ойролцоогоор 110 сая ам долларын алдагдал хүлээгээд байна гэж албаныхан мэдээлжээ.

Номхон далайн галт цагираг буюу галт уулын идэвхтэй бүсэд орших Индонез улсад 120 гаруй идэвхтэй галт уул байдаг юм байна.

Б.Амарзаяа