Тендерийн булхай:Бут, сөөг услах автомашиныг гал унтраах автомашин гэж худалдаж аваад улаанаар буджээ

АТГ-ынхан 21 аймаг, 98 суманд ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, мөн зөвлөн туслах ажил хийгээд иржээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн бөгөөд тэдний хэлж буйгаар орон нутгийн удирдлагууд Засаг даргын нөөц хөрөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулж, “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг хамаатан, садангийнхаа хэрэгцээгүй төсөл хөтөлбөрт олгодог байна.

Засаг даргын нөөц хөрөнгөөс цол авсан бөхөд 30 саяыг бэлэглэв

  • Жишээ нь, 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулжээ.
  • Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна.

Эргэн төлөгдөхгүй олон сая төгрөг

Зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдүүлсэн жишээ олон байна.

  • Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй тул зээлдэгч тоосгоны үйлдвэр барихаа больжээ.
  • Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон байна.
  • Мөн Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /тухайн суманд байнга оршин суудаггүй/ сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан тохиолдлууд байгаа бөгөөд шийдвэр гаргахдаа мөн л хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, тайлбар гаргаагүй байна.

Тендерийн булхай

Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зармыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй тохиолдол олон байгаа гэж АТГ-ынхан мэдэгдэж байна.

Жишээлбэл, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С нь 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй гурван жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байжээ. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг байна.

Мөн Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч долоон сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байна.

Түүнчлэн Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж хоёр ХХК саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан байна. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулжээ.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.

Б.Ширнэн