Cонсголын бэрхшээлтэй 5800 хүүхдийн ердөө 330 орчим нь л ЕБС, цэцэрлэгт хамрагддаг

Манай улсын 0-18 насны, сонсголын бэрхшээлтэй 10 хүүхэд тутмын 9 нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж боловсролын үйлчилгээ авч чаддаггүй. Улмаар дохионы хэлээ бүрэн гүйцэт сурч чадалгүй, хөгжлийн хувьд хоцрогдож байдаг. Мөн гэр бүлийн гишүүдэд зориулсан дохионы хэлний сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн байхгүйгээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахад бэрхшээл тулгардаг. Тэгвэл одоо энэ саад бэрхшээл үгүй болж, анхан шатны дохионы хэл бие даан сурах “Ярьдаг гар” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд анхан шатны агуулгатай 20 цуврал видео хичээлийг бэлтгэсэн. Туршилтаар 20 эцэг эх, нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан хүмүүсийг сургажээ. Улмаар “Ярьдаг гар” төслийг зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, тэдний гэр бүлийн гишүүдээс гадна дохионы хэл сурах хүсэлтэй хүн бүрт сурахад тохиромжтой хэлбэрээр боловсруулсан учраас хүн бүхний хувьд нээлттэй аж.

Улсын хэмжээнд 18 хүртэлх насны 5800 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхэд бий. Эдгээрийн 320 нь 29-р тусгай сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж байгаа бол ердөө 8 хүүхэд тусгай хэрэгцээт 186-р цэцэрлэгт хамрагддаг. Үлдсэн 5400 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас хамаарч боловсролын үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа юм. Үүний улмаас бага насны хүүхэд сургуульд орохдоо дохионы хэл мэдэхгүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байхаас гадна эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд туслах боломжгүй зэрэг олон асуудал тулгарсаар иржээ. Гэтэл дохионы хэлийг сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл гэж үздэг бөгөөд 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль”-д энэ талаар хуульчилсан. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй хүмүүсээс гадна эцэг эхчүүд, багш нар, эмнэлгийн эмч ажилчид, цагдаа гээд нийгмийн харилцаанд оролцогч бүхий л хүмүүс дохионы хэлийг тодорхой түвшинд суралцаж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах нь хуулийн өмнө хүлээх үүрэг болоод байгаа юм.

Б.Даваасүрэн