23-35 настай залуучуудын 39 хувь нь дээд боловсролтой эмэгтэйчүүд байна

Улсын хэмжээнд 16-54 насны иргэдийн 24% нь дээд болон түүнээс дээш түвшний боловсролтой. Харамсалтай нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд дээд боловсролын ялгаа 10 гаруй хувийн зөрүүтэй байгаа юм. Эмэгтэй хүүхдээ дээд боловсролтой болгох уламжлалт хандлага болон их дээд сургуулиуд нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилтэн түлхүү бэлтгэдэг зэрэг олон хүчин зүйл энэ асуудалд нөлөөлдөг. Тиймээс боловсрол дахь жендрийн асуудлыг зохицуулахын тулд төрийн бодлого дутагдаж байна гэдгийг судлаачид үзэж байна.

IRIM судалгааны хүрээлэн ҮСХ-ны “Ажиллах хүчний судалгаа”-ны 2015 оны тоон мэдээлэлд үндэслэн судалгаа хийжээ. Энэхүү тоон мэдээлэл нь олон улсын нийтлэг шаардлагыг хангасан, жил бүр нийслэл болон 21 аймгийн 12 мянга гаруй өрхийг хамарсан томоохон түүвэр судалгааны дүн бөгөөд шинжилгээндээ 16-54 насны 26 мянга орчим хүний тоон мэдээллийг задлан шинжилсэн. Гэтэл эдгээр иргэдийн 24 хувь нь дээд болон түүнээс дээш түвшний боловсролтой байсан бөгөөд дээд боловсролын ялгаа 23-35 насны залуучуудын дунд өндөр хувьтай байна. Тодруулбал эмэгтэйчүүдийн 39%, эрэгтэйчүүдийн 26% нь дээд боловсролтой буюу боловсролын түвшингийн зөрөө энэ насныханд 13%-тай байна. Тэгвэл 2016 оны хичээлийн жилд 30663 төгсөгч бакалаврын зэрэгтэй их дээд сургууль төгссөнөөс 18529 эмэгтэй, үлдсэн 12134 нь эрэгтэй төгсөгч байсан нь жилд их, дээд сургууль төгсөж байгаа иргэдийн хүйсийн ялгааг батлан харуулж байгаа юм.

Эрэгтэй хүүхдүүдийн хувьд бүрэн дунд боловсролоосоо гээгдэж хөдөлмөрийн зах зээлд эрт ордог, харин эцэг эхчүүд эмэгтэй хүүхэд хүний хүн болох учраас дээд боловсрол эзэмших нь зөв гэсэн уламжлалт сэтгэлгээний улмаас их дээд сургуульд дэвшин суралцах ялгаатай гарсан байж болзошгүй. Мөн сүүлийн үед их, дээд сургуулиуд байгалийн ухааны чиглэлээс илүүтэй эмэгтэйчүүд давамгайлдаг чиглэлээр элсэлт авч байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, эрэгтэйчүүдийн боловсролд анхаарсан бодлого боловсруулах шаардлагатай гэдэг зөвлөмжийг Азийн хөгжлийн банк болон IRIM судалгааны хүрээлэнгээс БСШУСЯ-нд хүргүүлжээ.

Б.Даваасүрэн