Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа тунхаглан зарласны 93 жилийн ой тохиож байна

Манай улс анхдугаар үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаглалаа тунхаглан зарласны түүхт 93 жилийн ойн өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн өдөр төр засгийн төлөөлөл, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарынхан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монголын удирдагчид 1921 оноос эхлэн Бүгд Найрамдах засаглалд шилжих үндсэн хуультай болох бэлтгэлийг хийж эхэлсэн байдаг. 1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь монголын түүхэнд тодоор бичигдэх үйл явдлуудын нэг болсон юм. 1921 оноос бэлтгэсэн үйл явц 1924 онд батлагдахад одоогийн БНХАУ-ын нөлөө чухал гүйцэтгэсэн. Хятад улс “Бээжингийн тунхаг”-аа баталсан нь Монгол улс яаравчлан үндсэн хууль, тусгаар тогтнолоо баталгаажуулах үндэс болсон юм. Учир нь “Бээжингийн тунхаг”-т Монгол улсыг Хятадын харьяанд оруулах агуулга багтсан байсан юм. Ийнхүү Монголчууд монголоороо үлдэх түүхэн эрх зүйн баримт бичгийг 93 жилийн тэртээ бидний өвөг дээдэс тунхаглаж чадсан билээ. Энэ өдрийг 2012 оноос тэмдэглэлт өдрийн түвшинд дөрвөн жилийн туршид өнгөрүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд буцаан нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон УИХ-аас баталсан билээ.

Ч.Дэлгэрцэцэг