ОЮУТАН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭСЭХ ГОЛЧ ДҮНГЭЭС ХАМААРНА

Монголын оюутан тамирчдын олонх нь сурлага сайнгүй байдагтай холбоотойгоор ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж чадахгүй байх тохиолдол цөөнгүй. Тэгвэл монголын оюутны сагсан бөмбөгийн холбооныхон оюутан сагсан бөмбөгчдөд сурлагын голч дүнгээс хамааран лигийн тэмцээнд оролцох шаардлага тавьж байгаа юм байна.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос оюутан тамирчдыг зөвхөн талбайд бус амьдрал дээрч амжилт гаргахад нь туслах зорилготой ажиллаж байгаа юм байна. Сагсан бөмбөг тоглодог оюутан бүр цаашдаа мэргэжлийн тамирчин болох боломжгүй. Тиймээс цаашдаа энэ спортоо хобби хэлбэрээр авч үлдээд, үндсэн мэргэжилдээ сайн, амьдрал ахуйгаа амжилттай иргэн болон төлөвшихөд дэмжих Оюутан тамирчин хөтөлбөрийг тэд хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна. Үүний хүрээнд нэн тэргүүнд тамирчидтай хамгийн ойр байдаг, тэдний ирээдүйд чухал нөлөө үзүүлдэг дасгалжуулагч нараар дамжуулан оюутан тамирчдын боловсролд анхаарах, тааруухан сурлагатай тоглогчдын дүнг сайжруулж, ирээдүйд мэргэжилдээ эзэн болоход нь дэм өгөх зорилготой уулзалт зохион байгуулжээ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо Оюутан тамирчин хөтөлбөрийнхөө хүрээнд лигт амжилттай тоглохын хажуугаар аль нэг компани аж ахуй нэгжид мөн амжилттай ажиллаж байгаа сагсан бөмбөгчдийн туршлагыг залууст танилцуулахаар төлөвлөжээ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооныхон сурлагын голч дүнгээс хамаараад оюутан тамирчдын тоглох эрхийг олгох зарчмаар сурлагыг сайжруулахыг хүсч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл хэдий сайн тоглогч боловч сурлага сул бол тэмцээнд оролцох боломжгүй бөгөөд ийм замаар сурлагадаа анхаарах шаардлагыг тавьж байгаа юм байна.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог санаачлагчдын нэг Баярцогт өөрийн ажиллаж буй сургууль дээрээ оюутан тамирчин голч дүнгийн үзүүлэлтээсээ хамаараад тэтгэлэгт хамрагдах боломжтой хөтөлбөрийг санаачилсан байна. Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны цаашдын зорилтуудад ч оюутан тамирчдын дүнгээс шалтгаалсан тэтгэлэгүүд багтаж байгаа юм байна.

Э.Энхбаяр