Өнөөдөр Монгол Улсын агаарын зайгаар анх удаа 100 мянга дахь онгоц дамжин өнгөрлөө

Өнөөдөр /2017.11.26/ манай улсын агаарын зайгаар 100 мянга дахь онгоц дамжин өнгөрсөн түүхэн үйл явдал тохиолоо. Өмнө нь жилд дунджаар агаарын тээврийн 80-90 мянган онгоц дамжин өнгөрдөг байсан бол анх удаа энэ тоо 100 мянгад хүрлээ. Дамжин өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдсэн болон хураамж бодох аргачлалыг шинэчлэн боловсруулснаар өнгөрсөн жилтэй харьцуулахад улсад 50 орчим тэрбум төгрөгөөр илүү орлого оруулах боломжтой болжээ.

Манай улсын агаарын зайгаар 2017 онд дамжин өнгөрсөн 100 мянга дахь агаарын хөлөг ХБНГУ-ын Мьюнхен хотоос Шанхай руу чиглэсэн онгоц байлаа. Монгол Улсын цагаар өглөөний 11:45 цагт хилээр нэвтэрч, дамжин өнгөрлөө. Тэгвэл манай улсын агаарын зайг 87 улсын 180 авиа компани ашигладаг. Ингэхдээ өдөрт 270-300, жилд 80-90 мянган онгоц агаарын зайгаар дамжин өнгөрдөг юм байна. Гэвч Монгол Улсын агаарын замаар явж байгаа онгоцууд ажиглалтын систем, өргөргөө дагаад эргэлт ихтэй, тойруу замаар явдаг нь авиа компаниуд цаг хугацаа алдахаас гадна, шатахуун их зарцуулдаг байсан. Харин энэ онд агаарын замыг шулуун болгож шинэчилснээр агаарын тээвэрлэгч нарт эдийн засгийн хувьд ашигтай тусч эхэлсэн аж. Ингэснээр энэ онд 110-115 мянган агаарын хөлөг өнгөрөлтийн нислэг үйлдэх боломжтой гэсэн тооцоо байна.

2012 оноос нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд гурван үе шаттай техникийн шинэчлэлт хийсэн. Ингэхдээ өмнө нь процедурын удирдлага буюу зөвхөн холбоогоор авиа компаниудтай холбогдож, нислэлийг удирддаг байсан бол бодит ажиглалтын удирдлагыг нэвтрүүлснээр дамжин өнгөрөлтийн нислэгийн 80 хувийг хянах боломжтой болжээ. Цаашид энэ хяналтыг 100 хувьд хүргэхээр ажиллаж байна гэж Нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвөөс мэдээллээ.

Б.Даваасүрэн